Гамшигтай тэмцэх шинэ жишиг сайн дурын багийнхан

6-13-7й4.jpg

Дэлхийн дулаарал, газар нутгийн онцлогоос хамааран гамшгийн аюул шинэ тутам нэмэгдэж буй. Тэр хэрээр улс орнуудын гамшгийн аюултай тэмцэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлого, систем хандлага хувьсан өөрчлөгдөж байна. Ялангуяа, их хэмжээний үерийн аюул, цунами нүүрлэсэн улс орон алдаа дутагдлаа засч залруулж, туршлага дээрээ үндэслэж гамшигтай тэмцэх арга хэлбэрээ байнга сайжруулж  байдаг аж.

Манай улсын хувьд ч гал түймэр, үер ус, ган зудын аюулаараа гамшгийн эрсдэлтэй орны тоонд ордог учраас гадны улс орны  туршлага, арга хэлбэрээс тасралтгүй суралцаж байх учиртай. Тэгвэл гамшигтай тэмцэх гадаад орны тэргүүн туршлагыг нүдээр харах, тэр дундаа гамшгийн аюулын талаар олон нийтэд үнэн бодит, нэгдсэн мэдээлэл өгөх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ач холбогдлыг нэгдсэн системтэйгээр олгосон сургалтад Тайландад Монголын гурван сэтгүүлч хамрагдсан юм. Азийн гамшгийн бэлэн байдлын төв болон Тайландын олон нийтийн телевизээс хамтран зохион байгуулсан сургалтын 14 хоногийн хугацаанд тус улсын гамшигт өртсөн муж тосгонд очиж практик дадлага хийснээрээ ихэд олзуурхлаа. Энэ төсөлд 20 гаруй орон хамрагдахаас Монгол Улс цаг алдалгүй  сэтгүүлчдээ хамруулсан нь том алхам гэдгийг Азийн гамшгийн бэлэн байдлын төвийнхөн хэлж байсан юм.  Хагас сарын хугацаанд сургалтад хамрагдах сэтгүүлчдийн багт Монгол үндэсний олон нийтийн телевиз, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, ОБЕГ-ын төлөөлөл хамрагдлаа.

Сургалтын үеэр Тайландын олон нийтийн телевизийн сэтгүүлч Дарин “Сэтгүүлчид ажлаа сайн хийж чадвал хүний амь аварна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх нь гамшиг болсон үед  мэдээлдэг бол манай телевиз гамшгаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага туршлагын талаар олон хүнд хэрэгтэй, бодит мэдээлэл хүргэсний үр дүнд магадгүй чи хүний амь аврах болно. Мөн гамшиг боллоо гэхэд хүмүүст сандралддаг учраас сэтгүүлчид зөв, бодит мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн бодол, зарчмаар ажлаа хийдэг.

Бодит мэдээллийг цаг тухайд нь зөв хүргэхгүй бол маш их хохирол, эрсдэл дагуулж хүмүүсийг төөрөгдүүлж улам их хохирол учруулах аюултай” гэсэн юм. Тухайлбал, сэтгүүлчид гамшгийн үед иргэдэд мэдээллийг шуурхай хүргэхдээ мэргэжлийн хүнээс гадна олон улсын шинжээчдын мэдээллийг олон эх сурвалжтайгаар хүргэдэг  төдийгүй энгийн болон гамшгийн үеийн нөхцөл байдалд хэрхэн зохицох зэрэг мэдлэг мэдээлэл олгож, энэ чиглэлээр  мэргэшсэн сэтгүүлчийг  бэлтгэдэг юм байна.

ТОСГОНЫ ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ САЙН ДУРЫН БАГИЙНХАН ТОГТМОЛ ХИЙДЭГ

Улс орны өв соёлыг тээж буй эртний бүтээн байгуулалтыг хамгаалахад Засгийн газар, орон нутгийн захиргаа анхаарч үерийн даланг бэхжүүлсээр байгаа юм.

Нөгөө талаас гамшгийн талаарх ир­гэдийн ойлголт, мэдээлэл хандлага манайхаас огт өөр. Тайланд улсад болсон аймшигт цунами, их хэмжээний үерийн аюулд олон мянган хүн эрсдэж,  хот тосгон сүйрч, эдийн засгийн асар их хэмжээний хохирол учирснаас гамшигтай тэмцэх тогтолцоогоо эрс өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, аюул гамшиг боллоо гэхэд зөвхөн онцгой байдлын байгууллага гэхгүйгээр сайн дурынхны тогтолцоог бүрдүүлж өгсөн байна. Ингэснээр 5-10 мянган хүн амтай тосгоны иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед шуурхай нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг сайн дурын багийнхан тогтмол хийж байдаг аж.

Үүгээр ч зогсохгүй дуут дохио, тоног төхөөрөмжийг хариуцан тогтмол бэлтгэл сургуулилт хийж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь 14 жилийн өмнө цунамид өртсөн Загасчдын тосгонд сайн дурын 17 аврагч, нэг далайн эргийн харуулж ажиллаж байна. “Цунами болох үед дуут дохио хангалтгүй, тосгон ганцхан гарцтай байсан учраас олон хүн хохирсон. Харин одоо өөр шинэ гарц үүсгэж байна. Одоо тосгоны таван мянган иргэнийг дуут дохиогоор 15 минутын дотор нүүлгэн шилжүүлэлт хийж байна. Гэхдээ сайн дурынхан тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссаны дараа өөрсдөө явах үүрэгтэй учраас дуут дохио зэрэг тоног төхөөрөмж муутай үед эрсдэлтэй” гэж сайн дурын аврагч хэлж байсан юм. Тогтсон цалингүй учраас сайн дурын багт ихэнхдээ ахимаг насныхан ажиллаж байна.

Тайланд улсын сайн дурын хамгаалалтын албыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран иргэдэд  шат шатны сургалт  хийдэг. Харин сургалтын дараа байнгын хамтын ажиллагааг сайжруулж төлөвлөгөөгөө шинэчилж байдаг гэнэ. Мөн гамшигтай тэмцэхэд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийг хамгийн багадаа 18 хоног Гамшигтай тэмцэх академид байрлуулан бэлтгэдэг гэнэ.  Академид сүүлийн 10 гаруй жилд  80 гаруй мянган хүн хамрагдсанаас  сайн дурынхны хандлага оролцоог харж болно.

Энгийн иргэдийг тодорхой хугацаанд бэлтгэж шалгалт авсны дараа гал сөнөөгчөөр ажиллуулдаг. Залуусын хувьд цэргийн алба хаачихаад  сургалтад хамрагдах тохиолдол цөөнгүй. Мөн мужуудын онцлог, тохиолдож буй эрсдэлээс хамаарч химийн хор, гал түймэр, үер ус зэргээр мэргэшүүлэн бэлтгэдэг бол анхан шат 33 хоног, дунд шат 90 хоног, эрсдэлийн үнэлгээний багийг тусад нь бэлтгэж байна.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР АШИГЛАЖ БАЙНА

Гамшигтай тэмцэхэд иргэдийг сургаж бэлтгэж, урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэхээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглаж байна. Үерээс хамгаалах асар том далан, цахилгаан  станцыг байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлэхийн зэрэгцээ эрдэмтэд нь тасралгүй судалгаа хийсээр байгаа юм. Тухайлбал, 700 гаруй хүн ажиллаж байдаг шаварлаг чулуугаар хийсэн 140 метрийн өндөр 15 метрийн далан үерээс хамгаалж байна. Далангийн усан цахилгаан станц 720 мегаваттын цахилгаан гаргаж, газар хөдлөлт, үер усны аюулыг автоматаар мэдэрч боловсруулж байдаг аж. Газар хөдлөлтийн бүсээс зайдуу учраас долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцож ирээдүйд бүс нутгийг хамарсан 3D газрын зураг үүсгэхээр 40-50 км цагийн хурдтай салхинд нисэх боломжтой өндөр хүчин чадал бүхий дрон ашиглаж эхэлжээ.

Түүнчлэн үерээс урьд­чилан сэргийлэх мэ­дээллийг боловсруулдаг ус ашиглалтын ухаалаг төв байгуулахаар зорьж, улс орны өв соёлыг тээж буй эртний бүтээн байгуулалтыг хамгаалахад Засгийн газар, орон нут­гийн захиргаа нэлээдгүй анхаарч үерийн даланг бэхжүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2018.06.13

С.Уянга

 

scroll to top