Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон,   Сүхбаатар, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар,18-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 09:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 09:53 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр, 2 амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 20:13 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд иргэн М-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км зам туулан 00:18 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 02:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 02:38 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// 06.14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Үер – Усны үер: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 06.14-ний өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж тус сумын 4 дүгээр багт үерийн ус зайлуулах далангийн усанд тус аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат иргэн Д /61 настай, эрэгтэй/ унасан мөн 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 15 өрх, айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж иргэн Д /61 настай, эрэгтэй/-г уснаас эсэн мэнд гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд 23 өрх айлын 86 хүнийг /үүнээс 52 том хүн, 34 хүүхэд/ аварч, нийт 30 м шороон далан босгож, 100 м шуудуу ухаж усыг зайлуулсан.

Үер – Уруйн үер: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд 06.14-ний өдрийн 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-гийн хүү И /4 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзоригоор ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашинтай 06.14-ний өдрийн 21:30 цагт явж Хутаг-Өндөр суманд 23:45 цагт, хүч нэмэгдүүлэн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 21 алба хаагч, 4 автомашинтай мөн өдрийн 22:00 цагт явж 23:45 цагт тус тус  очиж тус сумын Онцгой комиссийг 23:50 цагт хуралдуулж сумын Засаг даргын 06.14-ний өдрийн А/135 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хохирлыг бүрэн тогтоож, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 10 алба хаагч, Босоо хөх монгол төрийн бус байгууллагын 5 хүн, нийт 37 хүн, 5 автомашинтай 06.14-ний өдөр “Яхь” нуур, “Баянхошуу”, “Хайлан” гэдэг газруудад 5 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 19:00 цагт зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан эрэг багт иргэн А /34 настай, эрэгтэй/ 06.08-ны өдрийн 18:00 цагт гэрээс гараад сураггүй болсон. Тус аймгийн Цагдаагийн газраас “Ховд” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтай 06.13-ны өдрийн 09:40 цагаас тус сумын Их булан багийн “Их булан” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бугын гол” гэдэг газар хүртэл нийт 12 км  “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд иргэн А /34 настай, эрэгтэй/-г Ховд голын ойролцоо явж байсныг харсан хүн байхгүй, голын эргээс хувцас, эд зүйл, бусад ул мөр олдоогүй зэргийг үндэслэн тус аймаг дах Цагдаагийн газартай зөвшилцөж 06.14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Бусад: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Борбургас багийн “Хотгор” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2 дугаар заставаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой “ЗИЛ-130” загварын ачааны автомашин “Сыргаль” голын усанд суусан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай тус аймгийн Цэнгэл сумын Сыргаль голын чиглэлд явж байх үед иргэн А /43 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/, А /16 настай, эрэгтэй/ нарыг иргэд эсэн мэнд гаргасан. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хүч хэрэгсэлээр автомашиныг уснаас татаж гаргана гэсэн тул Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай замаас буцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top