Ч.Ариунаа: Хөгжлийн шинэ чиг хандлага бол эрсдэлийг бууруулах юм

ariunaa-hur.jpg

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцдаг билээ.  Энэ удаа Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунааг урьж ярилцлаа.

ХУРДТАЙ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИХИЙН ҮНДЭС НЬ ГАМШГИЙН ЭРСДЭЛТЭЙ ТЭМЦЭХ, БУУРУУЛАХ БОДЛОГООС ШУУД ХАМААРНА

-Аливаа улс орны хөгжлийн асуудал дан ганц нийгэм, эдийн засгаас хамаарахаас гадна цаг уур, байгалийн аюулт үзэгдэл, гамшгаас нэлээдгүй шалтгаалж байна.

Ялангуяа манайх шиг хөгжиж буй орнууд байгалийн гамшгаас болж хөгжил нь удаашрах, иргэд нь хохирол амсах тохиолдол их байна.

Манай улсын хувьд зудад малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал хоргодсоноос нийгэм, эдийн засгийн томоохон үр дагаварууд гарч байна. Тэгэхээр улс орон хөгжихөд анхаарах хамгийн гол зүйлийн нэг бол байгалийн аюулт  үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, эрсдэлийг бууруулах юм.

Дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэлд анхаарал хандуулж байна. Эрсдэл гэдгийг зөвхөн байгалийн аюулт үзэгдэл, гамшигтай холбох нь өрөөсгөл юм. Салбар бүрт эрсдэл бий. Улс орон хөгжлийн үе шатыг ахиулах, хурдтай, тогтвортой хөгжихийн үндэс нь гамшгийн эрсдэлтэй тэмцэх, бууруулах чиглэлд ямар бодлого баримталж, хэрхэн ажиллаж байгаагаас хамаарна.  Бид өдөр тутам эрсдэлтэй учирч байна. Тухайлбал, хувь хүн машиныхаа бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангасан ч замын хөдөлгөөнд оролцож буй бусад эрсдэлийг урьдчилан тооцоолж бууруулж чадахгүй учраас байнгын эрсдэл дунд амьдарч байна. Тиймээс эхлээд бид эрсдэлээ ойлгох хэрэгтэй. Ингэж сурсны дараа хэрхэн бууруулж, эрсдэлийг өөр тийш нь шилжүүлэх, шинэ эрсдэл үүсгэхгүй байх вэ гэдэг чухал юм. Улс орны хөгжлийн явц ч үүнээс хамааралтай. Техник, технологи хөгжих тусам шинэ эрсдэлийг бий болгодог ч эргээд боломж олгож байдаг. Жишээлбэл, Японд тэнгэр баганадсан өндөр барилгуудаа техник технологи ашиглаад гамшиг, газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын материалаар барьж, суурийг нь бөгжилж байна. Томоохон савлагаа болоход барилгын уян хатан, хөдөлгөөнт байдал нь нурахаас сэргийлж байдаг. Мөн сансрын технологи, хиймэл дагуулаас цаг агаарын мэдээг нарийвчлалтай авч, иргэдэд цаг агаарын аюулт үзэгдлийн сэрэмж­лүүлж чадаж байна.

Эрсдэлийг бууруулах, шилжүүлэх, шинэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь эргээд хөгжил рүү хандаж байгаа үйл явц. Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг байнга хийж байдаг ч эргээд хөгжлийн явцыг харахад дан ганц төрөөс анхаарах биш иргэн бүрийн оролцоо чухал гэдэг нь алхам тутамд харагдаж байна. Иргэн үүргээ ухамсарлаж амьдрах орчин, гэр бүл, үр хүүхэд, хүрээлэн буй орчныхоо эрсдэлийг бууруулах нь хөгжлийн нэг шинэ чиг хандлага.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮНДСЭН ГУРВАН ТОМ БАРИМТ БИЧИГ ГАРСАН

БЛИЦ

Боловсрол

1997-2001 он: Хэл шинжлэлийн ухааны бакалавр, Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн сургууль

2011-2013 он: Хүрээлэн буй орчны удирдлага, хөгжлийн магистр, Австралийн үндэсний их сургуулийн Төрийн бодлогын сургууль

2017 оноос: Нагоягийн их сургуулийн докторант. Судалгааны чиглэл: Зудын аюулт үзэгдэл

Ажлын туршлага

2001 он: Хилийн цэргийн 101 дүгээр ангид Шалгагч офицер

2001-2004  он: Улсын иргэний хамгаалалтын газрын Сургалт, сурталчилгааны хэлтэст мэргэжилтэн

2004-2011 он: Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

2013-2015  он: Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст Хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн

2015 оноос: Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга

Гишүүнчлэл

2003 оноос: НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийн гишүүн

2014 оноос он: Ази, номхон далайн гамшгийн статистикийн шинжээчдийн багийн гишүүн

2014-2016 он: НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны дэд дарга

-Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг баримт бичгийн түвшинд харах юм бол 1990-ээс оноос хойш үндсэн гурван том баримт бичиг гарсан байдаг. Дэлхий нийтээрээ мөрдөж буй хамгийн том баримт бичиг бол 1994 онд Японы Ёокохама хотод хуралдсан Байгалийн гамшгийн аюулыг бууруулах дэлхийн анхдугаар бага хурлын үеэр томоохон гамшиг ослын туршлагыг үндэслэж улс орнууд тусдаа явах биш хамтын хүчээр нэг баримт бичиг боловсруулж  мөрдөх юм бол амжилтад хүрнэ гэж үзсэн. Энэ хурлаас байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс дэлхий нийт, улс орон хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа яаж хангах, гамшгийн аюулыг бууруулахад чиглэсэн “Ёокохамагийн стратеги” гэсэн баримт бичгийг баталснаас хойш арваад жил хэрэгжлээ. Баримт бичиг хэрэгжих явц болон тайлан, үр дүнг нь хараад дан ганц байгалийн аюулт үзэгдэлд анхаарахаас гадна хүний үйл ажиллагаатай холбоотой олон янзын гамшиг бий болж байгаа учраас дараагийн арван жилд үйлдвэрлэлийн осол, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүх төрлийн гамшигтай тэмцэхээр болсон. Ингэхийн тулд улс орнуудын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. 2005 онд Японы Кобэ хотод хуралдсан дэлхийн II бага хурлаас улс үндэстэн орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баталсан. Гамшигтай тэмцэх улс орны чадавх  хөгжлийн асуудалтай хамт яригдана.  Хөгжиж буй орнууд гамшигт илүү өртөхөөс гадна ихэвчлэн ядуу буурай эмзэг бүлгийн иргэд ихээр хохирч байгааг авч үзсэн.

2004 оны Энэтхэгийн далайн цунамид 250 мянган хүний амь нас үрэгдсэнээс “Хёогогийн үйл ажиллагааны үндэс” баримт бичигт гамшгийн улмаас хүмүүс амь насаараа хохирч, нийгэм эдийн засагт томоохон хохирол учирч байгааг бодитоор бууруулья гэсэн заалт оруулсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чиг хандлага өөрчлөгдөж улс орны чадавхи, хөгжилтэй нягт уялдаж байна. 2015 онд гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хөгжлийн гурав дахь үе шатандаа орсон нь өнгөрсөн арван жилээ дүгнэж өмнөхөөсөө бүр илүү холыг харж, төлөвлөсөн “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баталсан. Өөрөөр хэлбэл, гамшигтай тэмцэх чадавхийг бий болгохын тулд эрсдэлийг зөв ойлгож, харсны үндсэн дээр бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлж, хөгжлөө тогтвортой барьж чадах юм. Энэ нь гамшигтай тэмцэх бол хөгжлийн асуудал гэдгийг тодорхойлсон.  Эрсдэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар тогтвортой хөгжлийг хангая гэсэн үзэл баримтлалаар хөгжилтэй уялдсан байгаа.

Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлж байна. 2017 онд Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгыг парламентаар батлуулахдаа эрсдэл, санхүүжилт, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт зэрэг шинэ заалтуудыг оруулж өгсөн. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулсан зэрэгээр амжилттай ажилласан. Эдгээр ололт, амжилтаа долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн сайд нарын II бага хурлын үеэр бусад улс, орнуудтай хуваалцах гэж байна. Тус бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулагдах юм.

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫГ БИЙ БОЛГОЁ

-Эрсдэлийг бууруулах ачааг төр үүрэхээс гадна хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Ихэнх улсад эрчим хүчний компаниуд нь хувийнх байдаг. Компаниуд эрсдэлээ бууруулахын тулд барилгаа хүчитгэх, цахилгаан дамжуулах шугамнуудаа техникийн дэвшил ашиглан газар хөдлөлтөд тэсвэртэй материалаар хийх зэргээр хөрөнгө оруулж болно. Энэ нь эргээд гамшиг осол болоход эрчим хүчийг тасралтгүй хангах буюу “мөнгө үйлдвэрлэсээр” л байна гэсэн үг. Мөн гамшгийн үед цахилгаантай байснаар хүмүүс холбоо харилцаатай байх боломжийг бүрдүүлж өгнө. Хэрэв эсрэгээрээ хөрөнгө оруулалт хийж гамшигт тэсвэртэй нөхцөл бүрдүүлээгүй бол байшин барилга нь нурж эргээд сэргээн босгоход маш их мөнгө зарцуулна. Энэ мэтээр хувийн хэвшил алхам тутамдаа эрсдэлээ бууруулж байх ёстой. Гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн хор уршгийг арилгах долоон ам.доллартай тэнцэнэ гэсэн зарчим бий.

Нөгөө талаас хөгжил хүн дээр суурилдаг учраас гамшигтай тэмцэх, тогтвортой хөгжлийг бий болгоход иргэдийн оролцоог хангах  чухал. Гамшиг ослоос хөгжлийн үнэт капитал, хөрөнгө болсон хүнээ хамгаалах гэж байгаа учраас иргэд нь тодорхой хэмжээний хариуцлага хүлээж, гамшгийн эрсдэлийг бууруулах гэсэн системд орж ажиллах ёстой. Төр нь ч нийгмийн жижиг хэсэг болгонд хүрч ажиллах хэрэгтэй юм.

Гамшгаас урьд­чилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоог хангах, манлайллыг бий болгох ёстой гэдгийг онцолмоор байна. Учир нь улс орны тухайлбал Азийн соёл онцлогоос хамаараад эмэгтэйчүүд нь үр хүүхэд, өндөр настнаа асраад гэртээ суудаг. Гэтэл гамшиг осол гарлаа гэхэд өөрийгөө болон үр хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аврах үүрэг гэрийн эзэгтэй нарт оногддог.  Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалт, уулзалт зэрэг олон төрлийн үйл ажиллагаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдээр дамжуулж гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг иргэдэд түгээе. 2004 онд Энэтхэгийн далайн цунамид нас барсан хүмүүсийн судалгааг харахад эмэгтэйчүүдийн нас баралт маш өндөр байсан. Учир нь шашны заншлын дагуу биеэ далдалсан урт хормойтой хувцас өмссөн эмэгтэйчүүд усанд норж хүндэрсэн хувцас нь тэднийг усны гүн рүү татан аваачсаны улмаас осолдсон гэсэн судалгаа гарсан байдаг. Манай улсад ч адил. Томоохон хэмжээний газар хөдлөлт болоход хоёрдогч аюул нь гал түймэр байдаг. Гэтэл гамшгийн эрсдэлийн үед гэрт зууханд галаа түлээд, зуухны дэргэд эмэгтэйчүүд л байж байдаг.  Мөн гамшиг осол гарч үймээн самуун дэгдэж бүх зүйл хяналтаа алдахад эмэгтэйчүүд төрөл бүрийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй.

ЭРСДЭЛИЙГ ОЙЛГОХ, БУУРУУЛАХ, ҮНЭЛЭХЭД БОЛОВСРОЛ ХАМГИЙН ЧУХАЛ

-Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал яалт ч үгүй хөгжилтэй холбогдоно. Тухайлбал, Осакад газар хөдөлж автозам цөмрөхөд гурав хоногийн дотор сэргээн босгож байна. Чадавхи өндөртэй улс орон бол гамшгийн дараа маш хурдан сэргээн босгож, амьдралаа хэвийн үргэлжлүүлээд авч явж байна. Ард түмэн, төр засаг нь юу хийхээ мэддэг.

Эрсдэлийг ойлгох, бууруулах, үнэлэх үйл явц зайлшгүй боловсролтой холбогдоно. Миний хувьд Нагояагийн их сургуульд  зудын гамшгийн чиглэлээр докторантад суралцаж байна. Судалгааны ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн зэргэлдээ хоёр суманд очиж 2016-2017 оны цаг агаарын хүндрэлийн талаар малчидтай уулзсан. Гэтэл цаг уурын нөхцөл байдал ижил зэргэлдээ хоёр сумын нэг нь малын хорогдолоор улсад тэргүүлж, улсад малын тоогоороо нилээд дээгүүр ордог  сум  хохирол бага амссан байсан. Хувь хүний хувьд эндээс нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь малчдын боловсрол. Хоёр сумын 30 айлаас судалгаа авахад гэр бүлийн 60 хүнээс ганцхан залуу их сургууль, эхнэр нь аравдугаар анги төгссөн. Бусад малчдын хувьд ихэнх нь IV анги төгссөн байсан. Гарын үсгээ зурж чадахгүй бичиг үсэггүй гэсэн хоёр малчин байсан. Насны хувьд аваад үзвэл зах зээлийн шилжилтийн үед сургуулиас завсардсан малчид одоо ид баялаг бүтээгээд малаа хариулаад явж байна. Яагаад би энэхүү тоо баримтыг гаргаж тавьж байна вэ гэвэл энэ нь эргээд зудаас урьдчилан сэргийлэх, зудын аюул болон эрсдэлийг бууруулах чадавх боловсролын асуудалтай холбогдож байгаа юм.

Зудын эрсдэл, аюулыг бууруулах хүрээнд малчдад төрөл бүрийн сургалт хийсэн гэсэн баримтыг аймгийн удирдлагууд үзүүлсэн. Гэтэл ямар сургалтад хэрхэн хамрагдсан талаар малчдаас асуухад хоёр хүнээс бусад нь мэдэхгүй байна. Тиймээс эрсдэлийг ойлгох, түүнийг бууруулах, гамшигтай тэмцэхэд боловсролоос  нь эхлэх хэрэгтэй юм байна. Бид энэхүү ажлыг алхам алхмаар хийж байна. Их, дээд сургуулийн хөтөлбөрт  гамшгаас хамгаалах хичээлийг оруулж өгсөн нь том дэвшил.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган, зудын давтамж нэмэгдэж байгаа учраас  малчид эрсдэлээ зөв тооцож, бууруулах нь чухал байна. Тухайлбал, бэлчээрээ зөв хуваарилах, ашиглах, хашаа хороогоо янзлах, малынхаа эрүүл мэнд, тарга тэвээргийг сайн авахуулах зэрэг эрсдэлийг ямар хэмжээнд бууруулна тэр хэрээр хохирол бага амсана. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хамгийн ихээр аюулт үзэгдэл, гамшигт нэрвэгдэж байгаа малчин хүнд ямар үр дүн өгч байгаа нь чухал.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА

scroll to top