Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо дуу цахилгаантай орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7 дугаар сарын 01-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо дуу цахилгаантай орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт иргэн Б-гийн эзэмшлийн “Верна аксент” загварын  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 18:36 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хараа багийн “Ар зүрх” гэдэг газар газар /сумын төвөөс  баруун урд  зүгт 28 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн  19:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 28 км зам туулан 19:46 цагт очиж 1 цаг 59 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын  6 дугаар багт захын хашаанд  түрдэг тэрэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 00:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан, 00:54 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг Өлгий сумын Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 8 км-т 5 удаа гүний шумбалт хийж, “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон. 06.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд Э /10 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 15:28 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06.26-ны өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 06.27-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top