1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Дорнод Монголын тал нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд ихэнх нутгаар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 11-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 13-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Объектын түймэр:
Төрийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн нутагт аймгийн сум дундын шүүхийн ажилчдын өрөөнд буйдан шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 10:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 10:50 цагт очиж, 47 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Бүдүүн хошуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар 50 км зам туулан очиж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр, 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 03:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 03:59 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар ажилласан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багт Иргэн А.Бадам /17 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 07.06-ны өдрийн 21:00 цагийн орчимд сураггүй болсон тухай мэдээллийг 07.08-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч орон нутгийн 46 иргэн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.08-ны өдрийн 19:35 цагт сумын төвөөс баруун урд зүгт 150 орчим метрт байдаг адууны зүчээнээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 07.08-ны өдрийн 08:00 цагаас Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 16 км-т “Ховд” голын эрэг дагуу 13 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:45 цагт түр зогсоосон. 07.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын усанд З /15 настай, эрэгтэй/ живэх гээд байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн эргүүл хийж байсан 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, голын дунд хэсэгт чулуун дээр бээрсэн байдалтай сууж байсан хүүхдийг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР