Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо

GJ1A4892.jpg

Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцсон юм.

Цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын ерөнхийлөгч нээж хэлсэн үгэндээ, “Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.Энэ уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг. Энэ жилийн Төрийн далбааны өдрийн өмнөхөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдлаа. Хуулиар иргэдийн эх орноо батлан хамгаалах үүргийн талаарх Үндсэн хуулийн заалт амьдралд бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын орон нутгийн хамгаалалтын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо цогцоор хангагдах эрх зүйн үндэс бүрдлээ. Зэвсэгт хүчний албан хаагчид, Монгол Улсын иргэд та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Эх орон, тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, монгол хүн бүрийн зориг эрмэлзлээр дархлагддаг ариун нандин зүйл билээ. Үүнийг нэгтгэж, хийморьлож, дэрвэж байдаг алтан соёмбот Төрийн далбаа бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно.

Нийт монголчууддаа, Монгол оронд зочлон ирсэн анд нөхөд, жуулчдад Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс бадран хөгжих болтугай.

Ура нөхөд өө” хэмээн онцлон тэмдэглэв.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, БХИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцсон юм.

Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командаллаа.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-аас 2008 онд баталжээ. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг уламжлал тогтсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top