Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 27-32 градус,  бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 4х6 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 12:43 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 7х8 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 14:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 14:32 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 15:34 цагт очиж, эзэн тодорхойгүй 2х3 метр хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:39 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:46 цагт очиж, 5 ханатай 2 гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 17:37 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эмэгтэй, гадны нөлөөтөй/ нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, иргэн Х /49 настай, эрэгтэй/-ийн толгой, гар, цээжний хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 20:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 49 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 20:24 цагт очиж, 16 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүзүүвчийн шил” гэдэг газар  /тосгоноос баруун хойд зүгт 6 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ 4х6 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 00:02 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ар гэрийн 30 хүн, нийт 41 хүн, 10 техник хэрэгсэлтэй 2 бүлэг 07.14-ний өдөр “Уртын гүүр”, “Уул-Алтайн гол” гэдэг газар, “Ангийн отог”, “Гуртын гүүр” гэдэг газраас “Цагаан булан”, “Хар модот” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу нийт 88 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул, Бүргэд, Цагаан эрэг, Шинэ-Айл багт 07.14-ний өдрийн 16:20 цагт түр зуурын аадар бороо орсны улмаас “Бөхөн-Уул” аас үер бууж тус сумын Цагаан эрэг, Бөхөн-Уул, Бүргэд,  Шинэ-Айл багийн айл, өрхүүдийн байшин, гэр, хашаа үерт автсан тухай дуудлагыг 16:35 цагт хүлээн авч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мөн өдрийн 19:15 цагт аймгийн Онцгой комиссын хуралдаж үерийн усанд автагдсан айл өрхүүдийн судалгааг гаргах, бүртгэл явуулах, үерийн усыг зайлуулах, шаардлагатай бусад арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Онцгой байдлын  газраас 28 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 5 ажилтан, Өлгий сумын мэргэжлийн ангийн 18 хүн, “Ус суваг” ХХК-ийн 3 ажилтан, Зам засвар, арчилгааны мэргэжлийн ангийн 5 хүн, нийт 67 хүн, 17 автомашинтай ажиллаж усанд автсан өрхүүдийн судалгааг гаргах, бүртгэл хийх, үерийн далан шуудууг цэвэрлэх, хуримтлагдсан үерийн усыг зайлуулах ажлыг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 23:50 цагт түр зогсоон. 07.15-ны өдрийн 08:00 цагт дахин үргэлжлүүлэхээр болсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top