Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий аймагт  бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 м/с, зарим газраар секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 22-27 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус,  бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал:  15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 15-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгонд зоогийн газар  шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин 1 км зам туулан 14:23 цагт очиж, 12 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багт цонхоор утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 19:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин 2 км зам туулан 19:12 цагт очиж, 10 минут ажиллан унтрааж, эзэнгүй байсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Тошилтын-Амны “Харгайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ харганы мод шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч, 10 иргэн, нийт 20 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:30 цагт очиж, 20:41 цагт бүрэн унтраасан. 1 га талбай шатсан. 07.14-ны өдрийн 07:00 цагт тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ар гэрийн 30 хүн, нийт 41 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр  07.13-ны өдөр Уртын гүүрээс Уул-Алтайн гол, Шар дэвсэг хүртэл 28,5 км урсаж, 7 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:30 цагт түр зогсоосон. 07.14-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, /Биокомбинатийн гүүрээс хойд зүгт  1 км-т/ Туул голын усанд хүн ороод алга болсон гэсэн дуудлагыг 17:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 17:42 цагт очиж, 10 минут ажиллан иргэн Э /25 настай, эрэгтэй/, А /27 настай, эмэгтэй/, иргэн Э /31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг голын уснаас аварч, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top