Өдөртөө багачуудыг, оройдоо томчуудыг аврахаар завгүй зүтгэдэг завьт эргүүлийнхэн

37335550_1690673381052914_6064520493698908160_n.jpg

Баянзүрх дүүргийн Хар усан тохой-д өчигдөр 11.00 цагт очлоо. Энд Нийслэлийн Онцгой байдлын газрын 105 дугаар ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн алба хаагчид завьт эргүүл хийж байгаа юм. Тус бүлгийн ахлагч ахлах дэслэгч А.Амгаланбаатар биднийг угтан авснаар аврагчдын нэг өдөртэй танилцах ажил эхэллээ. Тэдний ажил өглөөний 10.00 цагаас эхэлдэг аж. Эргүүл хийж байгаа өдөр аадар бороо, аагим халуун байсан ч өглөөнөөс эхлэн оройн 20.00 цаг хүртэл эргүүлийн ажлаа гүйцэтгэдэг гэнэ. Ахлах дэслэгч А.Амгаланбаатар “Бид Баянзүрх дүүргийн “Хар усан тохой“-гоос Маршалын гүүр хүртэл бүтэн өдрийн турш завиар эргүүл хийдэг. Маршалын гүүрнээс цааш Сонсголонгийн гүүр хүртэл бас нэг бүлэг яваа. Завьт эргүүл Нийслэлийн засаг даргын захирамжаар жил бүрийн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл ажилладаг. 24 цагаар хоёр бүлэг ээлжлэн эргүүл хийдэг. Завьт эргүүл явуулснаар Туул голын ойр орчимд гэмт хэрэг, ард иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Манай албан хаагчид Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан даргын тушаалаар үүрэг гүйцэтгэж байна. Онцгой байдлын чиглэлээр ард иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж санамж сэрэмжлүүлэг хуудас тарааж яриа, таниулга хийж ажиллаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол архидан согтуурах үзэгдэл харьцангуй гайгүй болсон. Ард иргэд ч соёлтой амарч чаддаг болчихсон нь илт харагдаж байгаа. Ер нь хүмүүсийн ухамсраас болдог. Өөрсдийгөө өмөөрөх зүйл хэлж ярьдаг л даа. Багахан хэмжээний шороо арчсаны төлөө юун сүртэй юм гэх мэтээр өөрийгөө өмгөөлөх нь бий. Онцгой байдлынхан, цагдаагийнхан ард иргэдийг торгох гэж явлаа гэж хэлэх тохиолдлууд цөөнгүй гардаг” гэлээ.

Нийслэлийн аврах 105 дугаар ангид 19 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар “Манай бүлэг Баянзүрхийн “Хар усан тохой“-гоос Зайсангийн гүүр хүртэл өдөрт дунджаар хоёр удаа тойрдог. Хүн ихтэй үед илүү олон тойрно. Амралтын өдрүүдээр Туул голын эргээр амрагчид маш их байдаг. Би 2011 оноос хойш тасралтгүй л завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд гол усанд живсэн иргэдийг эрэн хайх ажиллагааг олон удаа хийж байсан. Тухайлбал, машин тэрэгтэйгээ үертэй ус гатлах гэж байгаад урсах, голд хүүхэд живэх гэх мэт аврах ажиллагаануудад оролцож явлаа. Уснаас эрэн хайх аврах ажиллагаа нэлээн ур чадвар шаардсан мэргэжил л дээ. Яг усанд урсаад явж байгаа хүнийг харчихаад шууд урдаас нь сэлээд очвол нөгөө хүн нь сандралд орсны улмаас дарах, дээр гарах гэж ноцолдох оролдлого гардаг учраас урсаж яваа хүнийхээ аль болох хойд талаас нь, нуугдаж очоод барьж авах гэх мэт тухайн нөхцөл байдлаас шалтгаалан төрөл бүрийн арга хэмжээ авдаг. Бидний аврах ажиллагаанд ашиглаж байгаа гол багаж бол аврах завь. Дээрээс нь бие хамгаалах усны хувцаснууд, аврах олс, аврах цагираг гэх мэтийн багажнуудыг голлон ашигладаг.

Аврах завиа ихэвчлэн сэлүүрээр залдаг юм. Яагаад гэвэл гүехэн газар моторын сэнс цохигдож гэмтчихээд байдаг. Үертэй үед л мотор суурилуулж явна даа” гэв. Аврах завины моторын банк дүүрсэн үед гурван цаг ажиллах хүчин чадалтай гэнэ. Моторууд 15, 25, 30 морины хүчтэй байдаг учраас цаг зарцуулах чадал нь өөр өөр байдаг ажээ. Удалгүй аврагчид аврах завиа гаргаж ирээд хийллээ. “Завьт эргүүлийн ажил эхэлж байна” гэж Ахлагч Т.Тамир тайлбарлав. Завин дээр гарч эргүүл хийх багийн бүрэлдэхүүнд манай сонины сурвалжлах баг багтсан юм. Мөн ахлах ахлагч Н.Оюунбаатар, дэд ахлагч Г.Гансүх, ахлах ахлагч Н.Энхбаяр, ахлагч Т.Тамир нар эргүүлд гарахаар болов.

Бид голын хөвөөгөөр зугуухан урагшиллаа. Өнөөдөр хүйтэн өдөр учраас хүн цөөтэй байна гэж аврагчид хоорондоо ярилцаж байв. Гэвч Туул голын хоёр талаар хүмүүс энд тэндгүй майхан барьж зугаалж яваа харагдана. Ачаалал ихтэй үед хөл гишгэх ч зайгүй байдаг аж. Голын хоёр захаар иргэд машинаа тавьж, моддын доогуур майхан барьжээ. Тэндээ хоол унд хийж идэх нь идэж, шорлог хийх нь хийцгээж байв. Сайшаалтай нь амрагчид голын гүехэн хэсгийн эргээр майхнаа байрлуулсан байв. Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн ахлах ахлагч Э.Энхбаяр иргэдэд гол усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байв. Төд удалгүй бороо дусалж эхэллээ. Э.Энхбаяр Туул голын эргийн ойролцоох салаануудад машинаа байршуулсан иргэдэд “Бороо орж байгаа учир автомашинаа голын эргээс холдуулаарай. Урсчихна шүү” гэж сануулав. Аврагчид иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гол дээр машин техник хэрэгслээ угаах, хоорондоо маргалдах зодолдох зэргээс урьдчилан сэргийлэхэд анхаардгаа ярьцгаав. Иргэд зугаалчихаад хогоо авч явдаггүй дутагдал нийтлэг байдаг гэнэ. Аврагчид хог хаяж байгаа хүмүүст “Хогоо аваад яваарай“ гэж байнга сануулдаг гэнэ.

Ахлагч Т.Тамир “Голын усанд машин тэргээ угаах, согтуу хөлчүү хүмүүс ус руу орох тохиолдол их бий. Ихэнх хүмүүс сэрэмжлүүлэг анхааруулга хэлэхэд урдаас хэгжүүрхээд байдаг” гэв. Түүний хэлсэн үнэн гэдэг нь төд удалгүй батлагдав. Хоёр согтуу нөхөр уртын дуу дуулан голын гүн рүү орж яваа харагдлаа. Хамгийн урд сууж явсан ахлах ахлагч Н.Оюунбаатар тэднийг майхан руу нь оруулав. Хажууханд өөр нэг согтуу иргэн “Намайг завиндаа суулгаач” гэх нь сонсогдов. Тэднийг завьтай эргүүл хийж явахад ёс суртахуунгүй үйлдэл хийдэг хүмүүс чамгүй олон байдаг. Т.Тамир “Завьтай эргүүл хийж байхдаа дуудлагууд хүлээн авч албан үүргээ гүйцэтгэдэг. Янз бүрийн л зөрчил илэрнэ. Гол усанд осолдсон гэх дуудлага ирээд очих гэсээр байтал нөгөө хүмүүс нь живчихсэн байдаг” гэж ярив.

Хоёр согтуу аялагчийг майханд нь оруулчихаад ирсэн Н.Оюунбаатар “Эрэн хайх аврах салбарт найм дахь жилдээ ажиллаж байна Бага насны хүүхдээ гол усанд оруулахдаа хараа хяналттай байлгаж, амарч зугаалахдаа архи согтууруулах ундаанаас аль болох зайлсхийгээрэй гэж зөвлөмөөр байна. Зарим амрагч ухамсраараа хогийн цэг дээр хогоо аваачиж хаядаг. Зарим нь амарч дуусаад энд тэнд өөрсдийнхөө хогийг бөөгнүүлээд тавьчихдаг. Тэрнээс гадна голын эрэг дээр ирчихээд машинаа угаадаг хүмүүс цөөнгүй байна. Очоод арга хэмжээ авах гэхээр та нар сануулаад өнгөрч болдоггүй юм уу гээд л эхэлдэг дээ. Хотын ойр орчмоор зөндөө л машин угаалгын газар бий. Гэрийнхээ гадаа, хашаандаа ч машинаа арчаад угаачих бүрэн боломжтой шүү дээ. Баяр наадмын үеэр хүмүүс аль болох цэвэр агаарт гарч голын эрэг сахиж амрах нь олширсон. Өнөөдрийн хувьд ачаалал харьцангуй бага байна. Нэгдүгээрт сэрүүхэн өдөр, хоёрдугаарт ажлын өдөр болохоор сэлүүхэн байгаа юм. Тийм болохоор ерөнхийдөө харьцангуй гайгүй. Амралтын өдөр болон халуун өдөр ачаалал их байдаг” гэлээ. Ийнхүү биднийг ярилцаж суухад завь нарийн, гүехэн салаагаар явах болов. Салааны дээгүүр бургасны мөчир унжжээ. Аврагчид гэнэтхэн л гол руу үсрээд орчихов. Цагдаагийн ахлах ахлагч Н.Энхбаяр биднийг эсрэг талынхаа хөвүүр дээр суухыг тушаалаа. Удсан ч үгүй бургасны эсрэг талын эрэг рүү завь хазайж аюул холдов. Хэсэг явтал гүехэн, хурц үзүүртэй хайрга, чулуутай хэсэг рүү орчихлоо. Бидний суусан завь хүч алдан голын тэг дунд зогсох шахав. Аврагчид сэлүүр болон хөлөөрөө завийг урагшлуулж тэр хэсгээс бид амжилттай гарч чадсан юм.

Аврагч болоод удаагүй байгаа залуухан дэд ахлагч Г.Гансүх “Аврагч болохыг багаасаа хүсч мөрөөдөж байсан. Ялангуяа эрэн хайх салбарт ажиллах сонирхолтой байсан л даа. Тийм учраас энэ мэргэжлийг сонгосон. Нийслэлийн аврах ангид хоёр дахь жилдээ ажиллаж байна. Анх ажилд ороод шууд эргүүлийн бүлэгт багтсан. Энэ жил бороо хур ихтэй жоохон сэрүүвтэр жил байгаа учраас өнгөрсөн жилийг бодвол арай ачаалал бага байгаа ч баяр наадам, амралтын өдрүүдээр хүмүүс гол ус руу явдаг нь ерөнхийдөө ихсэх талтай л байгаа. Одоогийн байдлаар манай эргүүлийн бүсийн гол усны түвшин нэмэгдсэн. Янз бүрийн л гүнтэй байна. Хамгийн гүндээ 4-6 метр байдаг. Мөн урсгал нь их ширүүн байгаа. Ус гэдэг хэзээ ч басаж болохгүй зүйл. Ямар ч мундаг усан спортын тамирчин байлаа гээд усанд живнэ, эргүүлгэнд орно, чулуунд хөл гараа цохино. Модны үндсэнд хувцас хунар нь орооцолдохоос эхлээд асуудал их бий. Тиймэрхүү байдлаас л болж осолддог” гэсэн юм.

Завьт эргүүлийнхэн өглөөнөөс орой болтол ийн ажиллаж байна. Өдөр нь хүүхдүүдийн амь нас аварч, бүрий болоод ирэхээр нас биед хүрсэн хүмүүсийг аврах ажиллагаа эхэлдэг гэж тэд ярьж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин 

scroll to top