Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   1.Цаг агаарын талаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:   Үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 22 нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

2.Объектын түймэр:

  Хувийн өмчид гарсан:Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 9 дүгээр гудамжны 1 тоот Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 01:32 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 01:36 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:Увс аймгийн  Өндөрхангай сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т /Ө-49014/00//, У-94061/00/07.18-ны өдрийн 12:20 цагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гэрэлцэцэгээс тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Үер:Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын  газрын 96 алба хаагч, 14 нэгж техник, 4 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 нэгж техник, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нэгж техник, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газры 7 алба хаагч, 1 нэгж техник, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92 алба хаагч, 12 нэгж техник, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн 35 алба хаагч, 1 нэгж тенхик, Хилийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч, 5 техник, Цагдаагийн газрын 149 алба хаагч, 26 нэгж техник, Өлгий сумын 86 хүн, 17 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 19 хүн, 12 нэгж техник, Авто зам засвар, арчлалтын “Жол” ХХК-ийн 23 хүн, 9 нэгж техник, Цахилгаан шугам сүлжээний газрын 45 хүн, 6 нэгж техник нийт 18 байгууллагын 618 хүн, 107 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод байгаа нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж түр хоргодох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулсан болон аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Мөн эрүүл мэндийн албаны 18 алба хаагч, 5 нэгж техниктэйгээр ажиллаж үерт өртсөн  82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 3 иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. 5.1 км урт үерийн хамгаалалтын  далан, шуудуу татаж, 7 багийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангасан. 

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Бүсийн-Өвөр гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/   07.18-ны өдрийн 20:00-20:20 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас  “Могой” гол үерлэж 5 айл өрхийн гэр усанд автсан тухай дуудлагыг 23:50 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 5 айлын гэрийг нүүлгэн шилжүүлж, иргэн Х /69 настай, эрэгтэй/, Л /53 настай, эрэгтэй/, А /47 настай, эмэгтэй/ нарыг 6 хүүхдийн хамт аюулгүй газарт зөөвөрлөн гаргасан.

   Төв аймгийн Зуунмод  2,3,4,5,6  дугаар багийн Тус сумын нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд  усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, 24  айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын  газраас 12 алба хаагч, 3 автомашин, Хот тохижуулалтын  газраас 10 хүн, 2 техник, Эрүүл мэндийн байгууллагаас 3 хүн, 1 техник, нутгийн захиргааны байгууллагаас  6 хүн, 1 техник, орон нутгийн 15 хүн, 1 техник хэрэгсэл нийт 46 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой комисс 08:30 цагт хуралдаж аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан, шуудууг  байгуулах үнэлгээ зураг төслийг гаргаж улсын төсөвт тусгуулах шийдвэр гаргасан, Мөн баруун Зуун мод багт үүссэн хог, лаг шаварыг цэвэрлэх, тус багийн усанд автсан 2 айлын хашаанд шороо асгаж тэгшлэх түүнчлэн тус багийн 8 дугаар гудамжнаас “Замт” дэлгүүр хүртэл 1.2 км газар дулааны шугамын дагуу ус урсаж цөмөрсөн газар шороо хийж тэгшлэх, 1 дүгээр гудамжны үерийн ус залуулах далан таглаж хашаа барьсан айлыг нүүлгэн шилжүүлсэн ба нийт 23.4 м3 хог хягдал цэвэрлэж 80 тн шороо зөөж 1.4 га талбайг тэгшилсэн зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Усны осол:Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/  Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б.Батлхагва /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 12 хүн, 2 автомашин, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн байдлаар Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хар-Усны тохой” гэдэг газраас тус багийн “Уул-Алтайн гол” гэдэг газар хүртэл 18.5 км-т 1 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн байгууллагаас 2 алба хаагч, 1 автомашин нутгийн захиргааны байгууллагаас 8 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 25 хүн, 1 автомашинтай, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.18-ны өдрийн байдлаар тус багийн ”Сөвдөгийн гарам” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 53 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. 

   Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын  Гүнцэнгэлэг багийн “Гүнцэнгэлдэх” гэдэг нууранд / сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ тус сумын харъяат иргэн Б,   Т/13 настай, эрэгтэй/ 07:18-ны өдрийн 16:00 цагт осолдсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 21:25 цагт цогцсыг нуурын уснаас гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

5.Бусад: 

Нийслэлийн Баянгол дүүргийн  1 дүгээр хороонд “Дунд” голын усанд 1 эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 08:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж /нэр, хаяг нь тодорхойгүй/ 50 орчим настай эмэгтэй хүний цогцсыг 09:18 цагт гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top