Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                  1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

   2. Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн нутагт “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 19:07 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтайгаар 3 км зам туулан 19:12 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүрэг 1 дүгээр  хороо, 7 дугаар байрны 20 тоот Иргэн Б-ийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 06:15 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр  ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 06:20 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /56 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. 07.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын  газрын 57 алба хаагч, 6 нэгж техник, 4 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 нэгж техник, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нэгж техник, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 нэгж техник, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 27 алба хаагч, 4 нэгж техник, Хилийн 0165 дугаар ангийн 5 алба хаагч, 2 нэгж техник, Цагдаагийн газрын 15 алба хаагч, 3 нэгж техник, нутгийн захиргааны байгууллагын 198 хүн, 19 нэгж техник, нийт 13 байгууллагын 323 хүн, 41 нэгж техниктэйгээр ажиллаж, 27 удаагийн дуудлага хүлээн авч, З6 иргэнийг аюулгүй газарт гаргаж, 11 хүнийг түр хорогдох байр /Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургууль, МСҮТөвийн дотуур байр/-д байрлуулж, орон байр нь үерт автагдсан 17 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 10 өрхийн нөхцөл байдалтай нь танилцан, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар зөвлөгөө өгсөн.

Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 07.16-ны өдрийн 13:00 цагийн орчим аадар бороо орж  үер буусны улмаас сумын төвийн 200 метр автозам эвдэрч, явган хүний зам урссан, орон нутгийн чанартай “Шавартайн” бетонон гүүр /Улаанбаатар хотоос 100 км-т/-ийн  тулгуур баганад суулт үүсч зорчих хэсэгт цууралт үүссэн, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, 12 гэр, хашаа, 3 дэлгүүр, 1 цайны газар, цагдаагийн байр усанд автсан, зэлэндээ уяатай байсан 15 унага хорогдсон тухай мэдээллийг 07.16-ны өдрийн 15:03 цагт  хүлээн авсан. Дахин 07.17-ны өдрийн 11:30-12:00 цагт аадар бороо орж, уруйн үер буусан тухай мэдээллийг 13:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 нэгж техник, орон нутгийн 60 иргэн, 6 нэгж техник, нийт 62 хүн, 7 нэгж техниктэйгээр ажиллаж, 07.19-ний өдрийн байдлаар иргэд байгууллага, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэмжээг тогтоож, сумын эмнэлгийн эмч нар усанд автсан 83 айл өрхийн 186 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, үерт урссан засмал замын хашлага 100 ширхэг, явган хүний замын хавтан 4000 ширхэгийг цуглуулан, 6 тонн орчим лаг шавар, хогийг цэвэрлэж ачуулсан.

Завхан аймгийн Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсгийн Булгийн-Эх  2 дугаар гудамжны 1, 4 тоот 07.19-ний өдрийн 11:20 цагийн орчим усархаг бороо орсны улмаас 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 11:27 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 7,5 км зам туулан 11:50 цагт очиж, 1 цаг ажиллаж,  иргэн Д /ам бүл 6/, З /ам бүл 2/ нарын 2 гэр усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.   

4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Сураггүй болсон:Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны “Геологийн хүрээлэн”  гэдэг амралтын газарт /Хатгал тосгоноос баруун урд зүгт 1,5 км-т/ Иргэн Х /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 07.19-ний өдрийн 12:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 6 иргэн, 4 автомашинтай, нийт 14 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 1,5 км зам туулан 17:54 цагт очиж эрэн  хайх аврах ажиллагааг зохион байгуулж, 07.20-ны өдрийн 08:14 цагт Мөрөн суманд оршин суугч дүү Б-ээс эсэн мэнд олсон.

Нурангинаас /эрэн хайх аврах/:Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит багийн “Шарын хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/  Хувиараа алт олборлож байсан 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 17:36 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан 17:42 цагт очиж, 3 цаг 40 минут ажиллаж, тус сумын Дархан багийн 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суугч иргэн А/40 настай, эрэгтэй/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн Д /53 настай, эрэгтэй/ нарыг шороонд дарагдаж ухаангүй байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, сумын эмнэлэгт хүргэгдэн нас барсан.

Усны осол:Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 8 хүн, 2 автомашин, нийт 19 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.19-ний өдрийн байдлаар тус багийн “Гуртын гүүр” гэдэг газраас “Цагаан булан” гэдэг газар хүртэл 9 км-т 2 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:45 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.  

Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/   Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн  иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 17:21 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 10 хүн, 2 автомашинтай, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.19-ний өдрийн байдлаар тус багийн ”Дивизийн гарам” гэдэг газраас Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Мэлз хайрхан” гэдэг газар, “Хэрлэнгийн гүүр” хүртэл 54 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.   

Сүхбаатар аймгийн Халзан сум Хатавч багийн “Сэнчит хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ 2 хүүхэд борооны тогтоол усанд орж алга болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 19:10 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 70 км зам туулан 21:20 цагт очиж, 34 минут ажиллаж, Д /9 настай, эрэгтэй/, Э /5 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top