Г.Ариунбуян: Иргэд үерт бэлтгэлтэй байх хэрэгтэй

CTCYhCMjEcuetWG_Ariunbuyan_OBEG_Terguun_ded_darga__1_.jpg

Улаанбаатар хот болон аймгуудад үер бууснаас хоёр иргэн амь насаа алдаж, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учраад байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үерийн улмаас хэд хэдэн аймаг, нийслэлийн зарим дүүрэгт гамшгийн нөхцөл байдал үүслээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-2018 оны долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсны улмаас гамшиг нүүрлээд байна. Хамгийн их гамшигт өртсөн аймаг бол Баян-Өлгий. Тус аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэд /1636 хүүхэд, 159 өндөр настан, 123 хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ гамшигт нэрвэгдсэн. Мөн энэ үеэр гурван иргэн хүнд бэртсэн. Одоогоор 220 гаруй өрхийн 1560 орчим иргэнийг аюулгүй газар буюу Ховд их сургууль, бусад сургуулийн дотуур байр, цэцэрлэг зэрэг найман байрлалд 670 орчим иргэнийг түр хоргодох байраар хангаж, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангаад байна. Мөн 5,1 км үерийн далан босгож байна. 

Түүнээс гадна Баянзүрх дүүрэгт долдугаар сарын 17-нд үер бууснаас далан, суваг, шуудуу сэтэрч, 28 айлын гэр, байшин усанд автсан. Төв аймгийн Борнуур, Зуун мод, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сум, Сүхбаатар аймгуудын нутагт үер бууж зам талбай, гүүр эвдэрсэн, айл өрхүүд усанд автсан байдалтай байна. Ер нь бол гамшгийн хэмжээнд байгаа учраас Онцгой байдлын ерөнхий газрын төв, орон нутгийн 600 гаруй албан хаагч  газар дээр нь шуурхай ажиллаж, үүссэн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч байна. Аймаг, орон нутаг руу явах чиглэлийн авто замууд маш их эвдэрсэн учраас зорчих хэсгийг нээхээр холбогдох хүмүүс нь ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэчнээн төгрөгийн хохирол учирсныг урьдчилан гаргаж амжсан уу?

-Үер бууж, гамшгийн байдалтай байгаа орон нутгийн хувьд Баян-Өлгий аймаг хамгийн хүнд байгаа. Тиймээс Баян-Өлгий аймагт 670 орчим сая төгрөгийн санхүүжилт эхний ээлжинд шаардлагатай учраас Улсын онцгой комисст хандсан. Улсын онцгой комиссын хуралдаанаар шатахуун, дизель түлшнээс бусад хоол хүнс, гэр орон зэрэг шийдвэрүүдийг гаргахаар боллоо. Баян-Өлгий аймгийн онцгой комиссоос оройлцоогоор 30 сая орчим сая төгрөгийн зардал гаргасан.

амшгийн үед шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хаанаас гаргадаг юм бэ?

-Тухайн орон нутагт болж байгаа гамшиг ослын үед гарсан хохирлыг арилгах, сэргээн босгохтой холбоотой зардлыг орон нутгийн онцгой комиссоос гаргадаг.  Орон нутгийн нөөц дууссан тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газрын түвшинд шийддэг.

-Ерөнхий сайдын зүгээс ард иргэд, онцгой байдлын албан хаагчид хүрэлцэхгүй бол цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудыг шаардлагатай тохиолдолд ажиллуулах учраас бэлэн байдалд байх үүрэг өгсөн. Одоогийн нөхцөл онцгой байдлын албан хаагчид хүрч ажиллаж чадаж байна уу?

-Онцгой байдлын төв, орон нутгийн албан  хаагчид болох 600 гаруй албан хаагч болон холбогдох байгууллагуудын ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж байна. Одоогоор өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад ажиллаж байгаа.

-Үерийн дараа халдварт өвчний дэгдэлт өндөр болдог. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэл болон орон нутагт нүхэн жорлон ихтэй учраас үерийн үеэр халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрүүл мэндийн байгууллагууд ариун цэврийн үйлчилгээ болон халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Баян-Өлгий аймгийн хувьд 70 орчим га газар  халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай ч газар нь нойтон, зарим газраа усан бүрхүүл тогтсон учраас халдваргүйжүүлэлтийг шууд хийх боломжгүЙ байгаа. Бага зэрэг хуурайшилттай үед халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Нийслэлийн хувьд одоогийн байдлаар хүндэрсэн тохиолдол байхгүй байгаа.

-Ирэх  өдрүүдэд ч гэсэн хур бороотой, үер болж магадгүй гэж цаг уурын байгууллагаас танилцуулсан. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг танай байгууллагаас тогтмол өгч байгаа юу?

-Цаг уурын байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр долдугаар сарын сүүлийн арав хоногт ихэнх нутгаар усархаг бороотой, түр зуурын аянга цахилгаантай бороо орно гэсэн. Тэгэхээр ард иргэд маань өөрсдийн аюулгүй байдлыг  хангах, аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт зорчихоор бол цаг агаарын мэдээ, мэдээллийг сайн сонсч, аюулгүй байдлаа зохицуулах хэрэгтэй. Ялангуяа гол усны түвшин нэмэгдэж байгаа учраас  өөрсдийн болон хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай.

-Өнгөрсөн жилийн өдийд нийт нутгаар түймэр их гарч, онцгой нөхцөл байдал үүсч байсан. Тухайн үед иргэд хандив цуглуулж байсан. Энэ мөнгөөр юу хийсэн бэ?

-Ой хээрийн түймрийн үеэр гадаад, дотоодын аж ахуй нэгж, иргэдээс нийтдээ 1,3 тэрбум төгрөгийн хандив цугларсан. Бид тухай үед  гал унтраах нисдэг тэрэг авах судалгаа хийсэн боловч өндөр өртөгтэй буюу 20-25 тэрбум орчим төгрөг болохоор  байсан учраас онгоц авах боломжгүй болсон. Тиймээс гал унтраахад шаардлагатай тоног төхөөрөмж, ялангуяа эрэн хайх, аврах ажиллагаанд дутагддаг тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа.

Эх сурвалж: news.mn

scroll to top