Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун  болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Төрийн ордны зүүн талд  “Таван Богд” группын 22х116 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 06:12 цагт очиход барилгын гал түймэр дэлгэрсэн, утаажилт ихтэй байсан тул, 06:13 цагт нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 5 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, нийт 38 алба хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр 4.5 км замыг туулан 06:29 цагт очиж 02:40 цаг ажиллан унтраасан. Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очих замд нэмэлт хүч шаардлагагүй тул замаас нь буцаасан. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Баянцагаан багийн Хуучин тосгоны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн  дуудлагыг 07.24-ний 01:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 02:02 цагт очиж, 00:15 минут ажиллан унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжаар байгуулагдсан Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын үерт автагдсан талбайд цэвэрлэгээ хийх 4 ажлын хэсэг үндсэн 26 алба хаагч, аж ахуйн нэгж байгууллагын 10 хүн, 6 нэгж техник, орон нутгийн 24 хүн, 17 нэгж техник, нийт 60 хүн, 23 нэгж техниктэйгээр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж нийт 4400 м2  ( 44 га) газарт цэвэрлэгээ хийсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 8 албан хаагч, 3 нэгж техник, Цагдаагийн газрын 15 албан хаагч, 3 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 37 албан хаагч, 9 нэгж техник, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 15 албан хаагч, 3 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 69 албан хаагч, 12  нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 36 албан хаагч, 3 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 3 хүн, 1 нэгж техник, Боловсрол, соёл, урлагийн газрын 45 албан хаагч, 2 нэгж техник, нийт 8 байгууллагын 228 хүн, 36 нэгж техниктэйгээр үерийн гамшгийн дараах сэргээн босгох ажлын хүрээнд үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомсдолд орсон 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүдийг ундны цэвэр усаар тасралтгүй хангах ажлыг зохион байгуулж нийт 125 айл өрхийг 12 тонн ундны цэвэр усаар хангах, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 4 тонн үерийн усыг соруулж зайлуулах, олон улсын байгууллагуудаас түр амрах байранд байрлаж байгаа 969 иргэнд олгох 2 хоногийн 12 нэр төрлийн хүнсний тусламжийг хүлээн авч 9 байрлал дахь түр амрах байрны зохион байгуулагч, тогооч нарт хүлээлгэн өгөх, үерт автагдсан 20000 кв.м талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг гамшгийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. 07.23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн шийдвэрээр Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын алба хаагчдыг 17:00 цагт буцаав.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Эргэл зах”-ын агуулахын барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 12:09 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, “Чандмань-Илч” ХХК-ийн 10 албан хаагч 1 автомашин, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэй 1.5 км зам туулан 12:15 цагт очиж 7 цаг 10 минут ажиллан усыг бүрэн соруулж дууссан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн “Бадрах-Өргөө” зочид буудлын барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, “Чандмань-Илч” ХХК-ийн 10 албан хаагч 1 автомашин, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэй 1 км зам туулан 19:20 цагт очиж 02 цаг 30 минут ажиллан усыг бүрэн соруулж дууссан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Цэцэн Хан” худалдааны төвийн  барилгын зоорийн давхар автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай  1 км зам туулан 12:15 цагт очиж 20 минут ажиллан усыг бүрэн соруулж дууссан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Сувдан-Өргөө” үйлчилгээний  төвийн барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, “Чандмань-Илч” ХХК-ийн 10 албан хаагч 1 автомашин, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэй 0,8 км зам туулан 17:00 цагт очиж 4 цаг ажиллан усыг бүрэн соруулж дууссан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Усан бассейн” сургалтын төвийн барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 11:41  цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай  1 км зам туулан 12:15 цагт очиж 30 минут ажиллан усыг бүрэн соруулж дууссан.

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 07.16-ны өдрийн 13:06 цагийн орчим аадар бороо орж  үер буусны улмаас сумын төвийн 200 мерт автозам эвдэрч, явган хүний зам урссан, орон нутгийн чанартай “Шавартайн” бетонон гүүр /Улаанбаатар хотоос 100км-т/-ийн  тулгуур баганад суулт үүсч зорчих хэсэгт цууралт үүссэн, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, 12 гэр, хашаа, 3 дэлгүүр, 1 цайны газар, цагдаагийн байр усанд автсан, зэлэндээ уяатай байсан 15 унага хорогдсон,  тухай мэдээллийг 07.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Дахин 07.17-ны өдрийн 11:30-12:00 цагт аадар бороо орж, уруйн үер буусан тухай мэдээллийг 13:30 цагт хүлээн авсан.  Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 11 хүн, ЗХ-ний 016 дугаар бригадын 30 алба хаагч, Цэцэрлэгийн 6 ажилчин, ЕБС-ын 11 албан хаагч, Соёлын төвийн 2 ажилтан, цэргийн дүйцүүлэх албаны 3 алба хаагч, нийт 63 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.23-ны өдөр нийт 258 м2 газрын 1463 тонн орчим лаг шавар, 6.5 тн хогийг цэвэрлэж ачуулсан. Албан байгууллагууд өөрсдийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, бусад зам талбайд хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Төв аймгийн Зуунмод 2,3,4,5,6  дугаар багийн Тус сумын нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд  усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон,   24  айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн багийн Засаг дарга, хэсгийн ахлагч 13 албан хаагч, 4 автомашин, Хот тохижуулалтын  газрын 13 хүн, 3 автомашин, Авто зам засвар, арчлалтын “Төв” ХХК-ийн 8 ажилчин, 4 автомашин орон нутгийн 18 иргэн, 2 автомашин, нийт 52 хүн 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, сумын Онцгой комисс 08:30 цагт хуралдаж уруйн үерийн аюулаас үүссэн хор уршгийг арилгах,  хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан явуулах шийдвэр гаргасан. Нацагдорж багийн ус зайлуулах хоолой, авто замын ус зайлуулах сувгийн лаг шаврыг зайлуулах, усанд автсан 12 дугаар гудамжны 2 айлын хашаанд шороо асгаж тэгшлэх, Баянхошуу, Зүүндэлгэр багуудын авто замын 2 талын шуудууг шинэчлэх зураг, төслийг хийсэн.1 дүгээр гудамжны үерийн ус залуулах далан таглаж хашаа барьсан айлыг нүүлгэн шилжүүлсэн ба нийт 23.4 м3 хог хаягдал цэвэрлэж, 80 тн шороо зөөж 1.4 га талбайг тэгшилсэн. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн  хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243  дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр  цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газраас 5 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 74 хүн, 6 автомашин, ХХААГ-ын 4 ажилчин, Гаалийн газраас 15 хүн, 1 автомашин, Татварын хэлтсээс 5 хүн, “Сэлэнгийн долгио” чуулгаас 23 хүн,  “Сэлэнгэ-Энерго” дулааны станцаас 31 хүн, 6 автомашин, БОАЖГ-ын 10 ажилтан, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 14 хүн, МХГ-аас 10 хүн, БСУГ-аас 5 хүн, нийт 11 байгууллагын 196 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.23-ны өдөр гамшгийн голомтод сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, Хонгорморьт, Цагаан-Эрэг, Салхит, Баянхан, Ганзам багуудад үүссэн лаг шавар хогийг цэвэрлэсэн. Мөн 1402 м3 хайрга зөөж зам талбай хонхор газар тэгшилж, 3050 м автозамын зорчих хэсгийг цэвэрлэсэн. Сүхбаатар сумын 2, 3, 4, 6, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, нийтийн орон сууцны 24 дүгээр байранд 350 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.   

4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Сураггүй болсон:Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ар хөшөөт багийн ‘’Олон нуурын гол’’ гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/Тус аймгийн Хайрхандулаан сумын  иргэн Х /17 настай, эрэгтэй/ нуурын усанд живсэн тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 хүн, 3 автомашинтай нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 154 км замыг туулан 22:20 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.24-ний өдрийн 05:20 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 50 минут ажиллан “Олоннуур”-ын нуураас цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар Ховд голд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч, 4 автомашинтайгаар  эрэн хайх ажиллагааг 06.25-ны өдрөөс 07.09-ний өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн шийдвэрээр 07.09-ний өдрийн 10:00 цагт түр зогсоосон байсныг 07.21-ний өдрийн 09:00 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь гаргасан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын 1, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 2, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 1, нийт 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.22-ны өдрийн байдлаар Бугат сумын Бугат багийн нутаг Хасбаатарын хөшөөнөөс Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал” гэдэг газар  хүртэл “Ховд” голын усаар нийт 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 9 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт  зогсоосон.    

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  Тээл багийн “Хагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт  25 км-т/ 07.18-ны өдрийн 09:00 цагт тус сумын харьяат иргэн Л.Болдбаатар /50 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 45 хүн, 4 автомашин, 3 мотоцикль, нийт 52 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.23-ны өдрийн байдлаар Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Нам даваа”, “Намнангийн-Ар” гэдэг газруудаар 20 км-т самналт хийж, 20:10 цагт түр зогсоосон. 07.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.         

Бусад:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны суурийн давхарт Борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан унасан тухай дуудлагыг 00:40 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:53 цагт очиж 01 цаг 13 минут ажиллан иргэн Т цахилгаанд цохиулан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top