Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Өмнөговь аймгуудын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, 29-нд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.  Салхи 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27, 28-нд говь тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

 2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Нийслэлиййн  Чингэлтэй дүүргийн 17 дугаар  хорооны “Баянхайрхан” 3 дугаар гудамжинд цоожтой  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 23:22 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 23:36 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.  

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжаар байгуулагдсан Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын үерт автагдсан талбайд цэвэрлэгээ хийх 4 ажлын хэсэг үндсэн 26 алба хаагч, аж ахуйн нэгж байгууллагын 10 хүн, 6 нэгж техник, орон нутгийн 24 хүн, 17 нэгж техник, нийт 60 хүн, 23 нэгж техниктэйгээр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж нийт 3080 м2  ( 38 га) газарт цэвэрлэгээ хийсэн.Аймгийн Засаг даргын Тамгын газрын 8 албан хаагч, 3 нэгж техник, Цагдаагийн газрын 15 албан хаагч, 3 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 37 албан хаагч, 9 нэгж техник, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 15 албан хаагч, 3 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 69 албан хаагч, 12  нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 36 албан хаагч, 3 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 3 хүн, 1 нэгж техник, Боловсрол, соёл, урлагийн газрын 45 албан хаагч, 2 нэгж техник, нийт 8 байгууллагын 228 хүн, 36 нэгж техниктэйгээр үерийн гамшгийн дараах сэргээн босгох ажлын хүрээнд үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомсдолд орсон 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүдийг ундны цэвэр усаар тасралтгүй хангах ажлыг зохион байгуулж нийт 187 айл өрхийг 18 тонн ундны цэвэр усаар хангах, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 21 тонн үерийн усыг соруулж зайлуулах, олон улсын байгууллагуудаас түр хоргодох байранд байрлаж байгаа 969 иргэнд олгох 2 хоногийн 12 нэр төрлийн хүнсний тусламжийг хүлээн авч 9 байрлал дахь түр хоргодох байрны зохион байгуулагч, тогооч нарт хүлээлгэн өгөх, үерт автагдсан 91.030 м2 талбайд хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг гамшгийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн  хооронд мөндөр, аадар бороо /хур тунадасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243  дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр  цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын  газраас 5 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 74 хүн, 6 автомашин, ХХААГ-ын 4 ажилчин, Гаалийн газраас 15 хүн, 1 автомашин, Татварын хэлтсээс 5 хүн, “Сэлэнгийн долгио” чуулгаас 23 хүн,  “Сэлэнгэ-Энерго” дулааны станцаас 31 хүн, 6 автомашин, БОАЖГ-ын 10 ажилтан, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 14 хүн, МХГ-аас 10 хүн, БСУГ-аас 5 хүн, нийт 11 байгууллагын 196 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.24-ний өдөр гамшгийн голомтод сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, Хонгорморьт, Цагаан-Эрэг, Салхит, Баянхан, Ганзам багуудад үүссэн лаг шавар хогийг цэвэрлэсэн. Мөн 1529.8 м3 хайрга зөөж зам талбай хонхор газар тэгшилж, 90 м автозамын зорчих хэсгийг цэвэрлэсэн бөгөөд 123 м урт үерийн даланг сэргээн засварласан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст багийн “Салхин сэнс” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 23 км-т/07.24-ний өдрийн 16:30-16-40 цагийн хооронд мөндөр орж уруйн үер буусны улмаас 91-80 ӨМӨ улсын дугаартай “Хондо Пит”  загварын суудлын автомашинтай 2 зорчигч үерт автсан, мөн багийн “Эхэн хадан-Ус” гэдэг газар 1 хүн мотоциклтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 18:45, 19:30 цагуудад тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б /54 настай, эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нарыг 18:47 цагт, мотоциклтой зорчиж явсан Ө /15 настай, эрэгтэй/-г, 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргасан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Сураггүй болсон:Булган аймгийн Хутаг-Өндөр сумын  Тээл багийн “Хагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт  25 км-т/ 07.18-ны өдрийн 09:00 цагт тус сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 08:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 45 хүн, 4 автомашин, 3 мотоцикл, нийт 52 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.24-ний өдөр Тээл багийн “Намнан” уулыг тойрч 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:25 цагт түр зогсоосон. 07.25-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.       

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top