Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-30-нд баруун, төвийн аймгуудын зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

 2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 17 дугаар гудамжинд тус  дүүргийн  иргэн П-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 18:42 цагт  хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 18:59 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын  Жаргалант багийн “Нарлаг-Энгэр” 1 дүгээр гудамжинд тус сумын иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 20:40 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 20:45 цагт очиж 43 минут ажиллан унтрааж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, 7 нэгж техниктэйгээр Улсын Онцгой комиссын олгосон иж бүрэн 80 гэр, 4 нэгж техникийг хүлээн авч, мөн “Дэлхий зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “АДРА Монгол” олон улсын байгууллага хамтран өрх тус бүрт 211.000 төгрөг, нийт 80 өрхөд 16,880,000 төгрөгийн үнэ бүхий тусламжийн барааг иргэдэд өгөх арга хэмжээг аймгийн төв талбайд зохион байгуулсан. 07.26-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын 5 алба хаагч, 3 нэгж техник, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 2 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 15 албан хаагч, 2 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 33 албан хаагч, 4 нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 23 албан хаагч, 2 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 6 хүн, 2 нэгж техник, Боловсрол, соёл урлагийн газрын 41 албан хаагч, 2 нэгж техник, нийт 7 байгууллагын  195 хүн, 40 нэгж техниктэйгээр ажиллаж, үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомсдолд орсон 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүдийг ундны цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж, нийт 186 айл өрхийг 17 тонн ундны цэвэр усаар хангаж, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 29 тонн үерийн усыг соруулж, нийт 5089 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн  хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243  дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр  цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын  газраас 25 алба хаагч, 4 автомашин, аймгийн ЗДТГ-аас 10 албан хаагч, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 10 хүн, ХЦ-ийн 0243, 0101 дүгээр ангиас 16 алба хаагч, 9 автомашин, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 174 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.26-ны өдөр Салхит багийн 308 метр, Баянхан багийн 272 метр үерийн даланг 9.15 м3 чулуу зөөвөрлөн, 580 метр үерийн далан сэргээн засварласан.

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас  Өндөр-Улаан-Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унаж, Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт 3 аймгийн 10 сум цахилгаангүй болсон, мөн 16 гэр усанд автаж нурсан, гэр нь нурсан 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулж, иргэн С /48 настай, эмэгтэй/, Д /80 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 21:30 цагт  хүлээн авсан. 07.26-ны өдрийн 21:23 цагийн байдлаар тус компанийн Архангай аймгийн Жаргалант салбарын 1, Өвөрхангай аймгийн салбарын 1, Хархорин сумын салбарын 1, нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 35 кВ-ын 16 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг босгож, 0,4 кВ-ын 22 ширхэг модон тулгууруудыг сэргээн засварласан.  Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулж холбож,  3 аймгийн 7 сумын цахилгааныг холбохоор ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, Нутгийн захиргааны байгууллагын 59 алба хаагч, 1 автомашин, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 67 хүн, орон нутгийн 250 иргэн, нийт 381 хүн, 10 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 33 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын үнэлгээг гарган, 95 айлын хашааг босгож, 45 айлын байшингийн дээвэр засварлаж, 5 айлын гэрийг засварлаж ажилласан тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга С.Вандандулам 21:36 цагт  мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top