Б.Бердибек: Байшин маань усанд автаж байхад хүмүүсийг аварч явлаа

p1cjav8dh11ek21fvboqu15f41iqv1.jpg

 Баян-Өлгий аймгийн Өлгий сумд болсон үерийн гамшигт 929 өрхийн 4500 орчим иргэн нэрвэгдээд байгаа юм. Тэдний дотор аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагчийн гэр бүл байгаа бөгөөд гурван алба хаагч орон гэргүй болжээ. Бид Засгийн газраас олгосон шинэ гэрийн түлхүүрийг өчигдөрхөн гардаж авсан аймгийн Онцгой  байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн галын авто машины жолооч, ахлах ахлагч Б.Бердибектэй ярилцлаа.

 – Онцгой байдлын албанд ажиллаад хэдэн жил болж байна?

 – Энэ албад ороод 11 жил болж байна. Энэ хугацаанд  есөн жил аврагч, гал сөнөөгчөөр, сүүлийн хоёр жил галын авто машины жолоочоор ажиллаж байна даа. 

 – Саяхан танайх үерийн усанд автсан гэж сонссон?

  -Тиймээ. Манайх Өлгий сумын 13 дугаар багт харьяалагддаг. Эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Энэ сарын 16-ны өдөр орсон борооны улмаас үер бууж, байшин маань бүрэн нурсан. 

  – Тухайн үед та ажил дээрээ байсан уу?

  – Тэгэлгүй яахав. Долдугаар сарын 14-ний өдөр дуудлагаар яваад, 16-ныг хүртэл гэртээ очоогүй. Гэтэл 16-ны өдрийн 16 цагийн орчимд манай эхнэр залгаж, гэрт үер ороод ирлээ гээд  уйлсан. Хариуд нь эхнэртээ хүүхдүүдээ аваад аюулгүй газар оч гэж хэлээд ажлаа үргэлжлүүлсэн дээ.

  – Манай гэр үерт автлаа гэж удирдах албан тушаалтнууддаа хэлсэн үү?

  – Хэлээгүй. Тухайн үед би гуравдугаар багийн нутаг дэвсгэрт ангийн алба хаагчдын хамт үерт өртсөн хүмүүсийг аварч явлаа. Усанд автсан байшин, хашаан дээр гарч тусламж хүсэж байгаа хүмүүсийг орхин өөрийнхөө эд хөрөнгийг аваръя гэсэн бодол  төрөөгүй.

  – Тэгээд та гэртээ хэзээ очсон бэ?

  – Эхнэрийгээ залгаснаас хойш гурван цагийн дараа гэртээ очсон. Хүүхдүүд маань дүүгийн хүүхдүүдийн хамт манай аавын гэрт байсан. Гэр үерт автахад эхнэр маань бичиг баримтаа л авч амжсан байна лээ. Бусад эд хөрөнгөө аварч чадаагүй. 

  – Одоо танайх хаана амьдарч байна?

  – Хүүхдүүдээ хөдөө зусланд явуулсан. Эхнэр бид хоёр аавын зочны өрөөнд амьдарч байгаа. Би өөрөө завгүй, гамшгийн дараах сэргээн босголт, хор уршгийг арилгах гээд ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлж байна.

  – Тусламжид хамрагдаж чадсан уу?

  – Өчигдөр Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар өгсөн 80 гэрийн нэгийг манайд өгсөн. Мөн орон нутгийн удирдлагаас шинэ газар өгөөд  эхнэр маань гэрээ бариад  амьдарч байгаа. 

  – Гамшгийн үед хэдэн хүн аварсан бэ?

  – Тухайн өдөр 60 гаруй хүнийг аюулгүй газарт гаргасан. Нэг айлд очиход гэрийн эзэн нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь өвчтэй, явж чаддаггүй өвөөтэй, нялх хоёр хүүхэдтэй юу хийхээ мэдэхгүй сандарч уйлалдаад байж байлаа. Бид тэднийг аюулгүй газарт гаргасны дараа байшин нь нурсан байсан. Хэрвээ манайхан очоогүй  бол тэдгээр хүмүүсийн амь насанд аюул учрах байлаа. Үерийн гамшгийн улмаас  энэ мэт маш олон айл, өрхөд манай Онцгой байдлын алба хаагчид болоод бусад Цагдаа, Хилийн зэрэг, Зэвсэгт хүчний зэрэг байгууллагууд тусалж, амь насыг  нь аварсан. 

  – Онцгой байдлын алба хаагчид бол хүмүүсийг аварч, талархлыг нь хүлээж байдаг буянтай хүмүүс шүү дээ. Албаараа бахархах сэтгэл төрнө биз?

  – Мэдээж бахархана. Албандаа хайртай, ажил мэргэжилдээ дуртай. Манай байгууллага нэг үгээр хэлбэл буяны байгууллага шүү дээ. Гамшиг тохиолдсон хүмүүст тусалж, амийг нь аврахаас өөр сайхан зүйл юу байхав дээ.     

  – Ярилцлага өгсөнд баярлалаа.

  Эх сурвалж: Монцамэ агентлаг 

scroll to top