Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун, төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  31-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 31-нд Алтайн уулсаар, 1, 2-нд зарим газраар, 3-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт  багийн 13 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 14:19 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 14:23 цагт очиж, 15 минут ажиллан  унтрааж  иргэн М-д хүлээлгэн өгсөн.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 3 нэгж техниктэй, Мэргэжлийн хяналтын газрын 11 алба хаагч, 2 нэгж техниктэй, Цагдаагийн газрын 6 алба хаагч, 2 нэгж техниктэй, Эрүүл мэндийн газрын 18  алба хаагч, 3  нэгж техниктэй, Өлгий сумын ЗДТГазар 6 хүн, 1 нэгж техниктэй, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 3 хүн, 2 нэгж техниктэй, Боловсрол, соёл урлагийн газрын 6 хүн, нийт 12 байгууллагын 152 хүн, 57 нэгж техниктэйгээр 07.29-ний өдөр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж, 280 удаа лаг, шороо тээвэрлэж, 43000 м2 талбайд цэвэрлэгээ хийсэн байна. “Каритас Монгол”, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд 8 нэр төрлийн 36,000,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний болон ариун цэврийн багц тусламжийг Улсын нөөцийн салбарын Өлгий цэгээс 2, 3, 12, 13 дугаар багуудын 300 өрхөд хуваарилан олгосон. 430,680 м2  талбайд хөрсний  ариутгал халдваргүйжүүлэлт, 212 айл өрхийг 19 тонн ундны цэвэр усаар хангаж, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 18 тонн үерийн усыг соруулж зайлуулсан. Түр амрах байранд байрлаж байгаа 14 өрхийн 59 иргэнийг хоол, цайгаар хангаж, орчны цэвэрлэгээг хийх ажлыг зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын  газраас 1 алба хаагч, 1 автомашин, ЭМГ-ын 2 албан хаагч, нийт 3 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.29-ний өдөр 54 км автозам, 325000 м2 нийтийн эзэмшлийн талбайд 22.5тн уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдааТуул голд 08-30 УНГ улсын дугаартай “Прадо” загварын суудлын автомашин 2 зорчигчтой урссан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 18:24 цагт  хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:53 цагт очиж тус дүүргийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татах боломжгүй тул орхисон.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд  07.27-ны өдрийн 21 цагаас 07.28-ны өдрийн 15:20 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж  Далан багийн орон сууцны 4 байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч 4 автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан,  нийт 7 багийн 18  хашаа, 13 гэр усанд автсан тухай мэдээллийг 07.28-ны өдрийн 08:14-15-00 цагийн хооронд хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, 5 автомашин, ЗДТГазрын 15 алба хаагч, 3 автомашин, “Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 7 хүн, 7 техник, нийт 45 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр  үерийн усыг зайлуулсан. Мөн аймгийн Засаг даргын 07.28-ны өдрийн А/848 дугаар захирамжаар Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. 07.29-ний өдрийн 08:30 цагт Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн ажиллагаанд орсон. Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг аймгийн Онцгой комисс, сум орон нутгийн удирдлагад нийт 54 удаа “Багц мессеж”-ээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн 3 телевиз, umnugobi.nema.gov.mn сайт, Онцгой байдлын газрын фесбүүк хуудсаар 21 удаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн. Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2  километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК тус өдрийн 13:00 цагаас засварын ажлыг эхлүүлж, том оврын автомашиныг зорчихийг түр хугацаагаар хязгаарласан.     

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ын 1700 толгой бог мал үерт урссан тухай дуудлаыг 07.28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр  13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top