Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран 2016 оноос хойш “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх“ төслийг хэрэгжүүлж байгаа аж. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, ОБЕГ-аас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулж цэцэрлэг, ЕБС- ийн хичээлүүдэд уялдуулан тусгуулахаар болсон юм. Иймд багш нарт гамшгийн үеийн арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх хоёр дахь ээлжийн сургалтыг өчигдөр орон даяар зохион байгууллаа.
Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбаттай ярилцлаа.
-Аюулгүй амьдрах ухааныг хүүхдэд багаас нь суулгаж өгөх хэрэгтэй гэдэг. Үүнийг гол нь яаж ойлгуулах ёстой юм бэ?
-Хүүхдүүддээ наад захын аюул учрахад 101,102, 103 -руу залгах ёстой гэдгийг байнга сануулах нь зөв. Тухайлбал, галын аюулгүй байдлаас сэргийлэхийн тулд чүдэнзээр тоглож болохгүй, зуухнаас хол байх ёстой, цахилгааны утас руу хамаагүй ойртох буруу гэдгийг тухайн насны хүүхдэд ойлгогдохоор тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хичээлийн хөтөлбөрт нь тусган мэргэжлийн багш заавал илүү үр дүнтэй. Цэцэрлэгт байхаас нь эхлүүлээд ЕБС төгстөл нь энэ төрлийн мэдлэгийг бүрэн олгож чадвал, амьдрал дээр тулгарах гэнэтийн эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалах чадвартай болно.
-Өнөө жил хур ихтэй байснаас болоод зарим нутгаар үер бууж, гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ үед гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэггүйгээсээ болоод эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд олон байсан гэсэн. Ер нь гэнэтийн болзошгүй аюулаас иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой байдаг юм бэ?
-Юуны өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Гамшгаас хамгаалах хуульд тухайн нутаг орны Засаг даргын хүлээх үүрэг, Төрийн байгууллага, албан хаагчид иргэдийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстойг нэг бүрчлэн заагаад өгчихсөн байдаг. Мөн иргэд өөрсдөө ямар үүрэг хүлээх иргэд ёстой талаар ч тодорхой тусгасан байдаг. Гэвч аль аль талдаа хүлээсэн үүргүүдээ биелуүлэхгүй байгаагаас болоод гамшгийн үеийн эрсдэл улам нэмэгдэж байна. Тухайлбал, Онцгой байдлын газраас, төрийн захиргааны байгууллагууд үерийн аюултай үед сэрэмжлүүлэг хүргэж, иргэд рүү чиглэсэн ажлыг хэрэгжүүлэх ёстой. Мөн гамшгийн эрсдэл бүхий бүст бууж болохгүй, өндөр хүчдэлээс хол байх талаар иргэдэд байнгын давтамжтай сэрэмжлүүлэг, сурталчилгаа хүргэж байх ёстой. Зарим тохиолдолд иргэд сэргэмжлүүлэг мэдээг үл ойшоодог, амьдралдаа тусгаж авахгүй байх хандлагатай байдаг. Сүүлийн жилүүдэд энэхүү аюул дагуулсан үйлдлүүд нь энгийн үзэгдэл мэт болчхоод байна. Ялангуяа хот суурин газруудад иймэрхүү зөрчлүүд их ажиглагддаг.
-Монголд гамшгийн аюул тохиолдох эрсдэл хэр өндөр байдаг юм бол?
-Огт эрсдэлгүй бүсийн тоонд яагаад ч орохгүй. Газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг дэлхий нийтэд тохиолддог олон төрлийн эрсдэлээс манай улсад 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл болох магадлалтай байдаг. Жишээ нь газар хөдлөлтийн эрсдэл баруун талын уулархаг нутгуудад илүү их тохиодог. Мөн Өмнөговь, Дундговь руу энэ төрлийн эрсдэл учрах нь элбэг ажиглагддаг бол зүүн тал руу харьцангуй бага байдаг. Гэхдээ иргэд “Манай энд огт газар хөдлөхгүй” гэсэн бат итгэлтэй байж хэрхэвч болохгүй. Аюулт үзэгдлээс өөрийгөө болоод гэр бүл, эд хөрөнгө хамгаалах бэлтгэлтэй байх хэрэгтэй.
-Эрсдэлд орсон үедээ иргэд ихэнхдээ ямар алдаа гаргадаг вэ?
-Аюул тохиолдоход хамгийн түрүүнд аврах ангиуд руу дуудлага өгөх ёстой гэдгээ манайхан сайн ухамсарлаагүй байдаг нь цаг алдах нөхцлийг бүрдүүлдэг. Тодруулбал, авто машины осолд орчихоод сэхээ оронгуутаа тухайн хүн ар гэрийнхэн рүүгээ залгадаг, эхнэр, нөхөр рүүгээ ярьдаг. Ингэж хугацаа алдах ямар хэрэг байна аа. Шууд 101,103, 105 руу залга л даа. Харин дараа нь нөхөр, хүүхэд, эцэг, эх рүүгээ хэл дуулгаж болно шүү дээ.
-Ийм үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Хамгийн түрүүнд тухайн хүн сандралгүйгээр аюулаас өөрийгөө хамгийн бага эрсдэл үүсэх нөхцлийг тооцоолох хэрэгтэй. Мөн өмнө нь аюулт үзэгдлүүдийн талаар тодорхой мэдлэг хуримтлуулсан байвал зүгээр байдаг. Гамшиг болохоос өмнө эрсдэлийн үнэлгээг гэр, байшиндаа хийж, өрийн төлөвлөгөөгөө урьдчилаад гаргачихвал хохирол бага учирна. Тодруулбал, газар хөдлөлтийн аюул нь өрнөл хамгийн хурдантай бол зуд нь аажимдаа хохирол учруулдаг. Тиймээс өмнө нь би ямар арга хэмжээ авбал өөрийн болоод гэр бүлийнхнийхээ амь насыг хамгаалж болох талаар бодчихсон байвал давуу тал болно гэсэн үг. Мөн эрсдэл учирсан үед тухайн хүн хамгийн нэгдүгээрт өөрийнхөө амь биөийг хамгаалах ёстой. Үүнээс гадна манайхан зуд болж, цасан болон шороон шуурганд мал уруудахад шууд малаа буцаахын тулд шуурганаар гараад гүйчихдэг. Уг нь хамгийн түрүүнд өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Харин дараа нь эд хөрөнгөө. Гэтэл манайхан “Аминаас үнэтэй мал” гэдэг ойлголттой байдаг нь хамгийн буруу.
-Гамшгийн эрсдэл дунд амьдардаг япончууд аюулт үээгдэл болоход хамгийн түрүүнд тухайн хүн амиа л бодол хэрэгтэй гэж үздэг гэсэн. Тухайн гэр бүлд эрсдэл учирахад өрхийн гишүүд эхлээд ямар үйлдэл хийх ёстой юм бол?
-Гамшигт өртсөн бол тухайн хүн хамгийн түрүүнд амиа л бодох хэрэгтэй. Гэхдээ ямар ч эцэг, эх үр хүүхдээ аюулд орчихоод байхад орхиод гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүн тэр богино хугацаанд ямар үйлдэл хийвэл аврал үзүүлэх боломжтой вэ гэдгийг урьдаас мэдсэн байх нь зөв. Түүнээс биш хүүхдээ хаях зүрх сэтгэлтэй эцэг, эх хаана ч байхгүй.
-Иргэд гамшигт өртөхөөс урьтаж юу бэлдвэл зохих вэ?
-Иргэн болгонд яаралтай тусламжийн цүнх байх ёстой гэдгийг 10-аад жилийн өмнө шийдвэр гарган баталсан байдаг. Цүнхэнд гурав хоногийн хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, сонин, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга байх ёстой. Мөн нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, чүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут зэргийг бэлтгэж аюул тулгарсан үед аваад гарахад саадгүй газар байршуулах нь зөв.
-Эрсдэлийн үед сонины цаас, гялгар уутаар яах юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Хүйтэн үед сониноор гал асааж, дэвсээд сууж ч болно. Мөн базаад өмсөж буй хувцасныхаа дотуур хийж, дулаанаа алдахгүй байх боломжтой. Эсвэл гар, хөл гэмтсэн тохиолдолд хэд хэдэн сонин давхарлаж чиг барин боож болно. Гялгар уутыг хоёр талаар нь задлаад цус алдаж буй газраа боогоод сойж болно шүү дээ. Сониноор аяга хийж хүнсний гялгар уутыг гадуур нь бүрхээд ус нэвтрүулэхгүйгээр хоол хүнсээ идэж болно гэхчлэн жижиг гэлтгүй энэ бүгд нь хүний амьдралд хэрэг болно. Амьдрал баялаг, эрсдэлд учраад зовж явлаа ч эргээд инээх өдөр ирж л таараа.
Эх сурвалж:Өдрийн сонин