Гамшгийн үед хүүхэд хамгаалах зураглалыг боловсруулав

9X1A8605.jpg

С.УЯНГА

Монголчуудын хүүхдийн өмнө хүлээх ха­риуц­­лага хэтэрхий сул байгаагаас өдөр бүр ямар нэг байдлаар хүү­хэд хохирч, цаашлаад амь насаа алдаж байгааг Монголын өдөр тутмын сони­нуудын холбоо хөн­дөж хар жагсаалтад оруулсан. Тэр дундаа хүү­хэд хамгаалалтай хол­боо­тойгоор зайлшгүй ярих учиртай нэг сэдэв бол гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хэн, хэрхэн хамгаалах. Мөн хэний ч бай хайхрамжгүйгээс болж бяцхан хүүхэд бэртсэн, гэмтсэн, амиа алдсан бол хүлээх хариуцлагыг чангатгах ёстойг цаг үе шаардаж байна.

Гуравхан сарын өмнө л гэхэд Баян-Өлгий аймагт үерийн аюул нүүрлэж нялх нярай 100 гаруй хүүхэд орон гэр, идэх хоол, өмсөх хувцасгүй болж түр хамгаалах байранд орогнож байв. Мөн Дорноговь аймагт 26 өрхийн 30 гаруй хүүхэд орон гэргүй болсон бэлээхэн жишээ бий. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын хайх­рамж­гүйгээс болж үер ус, галд хүүхэд эрсдэх тоо нэмэгджээ. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар байгалийн аюулт үзэгдлээс болж таван хүүхэд сураггүй алга болсноос гурав нь нас барсан. 22 хүүхэд усанд осолдсон, автомашинд хавчуулагдах зэрэг тохиолдлоор дөрвөн хүүхэд амь насаа алдсан бол 16 хүүхэд галд өртөж нас барсан, есөн хүүхэд түлэгдсэн. Түүнчлэн зам тээврийн осолд 31 хүүхэд өртсөн харамсалтай тоо баримт байна.

Тиймээс хэлж ирэхгүй байгалийн гамшиг төдийгүй томчуудын анхаарал, болгоомжгүйгээс үүдсэн ослын үед хүүхдийг хэрхэн хамгаалах асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОБЕГ зэрэг мэргэжлийн байгуул­лагууд хөндөж тусгайлсан журам боловсруулж байгаа юм. Журамд санал авахаар холбогдох байгууллага, бүх яаманд хандаж, удахгүй саналыг нэгтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, гамшиг ослын үед хэн хэрхэн ажиллах талаарх анхны гарын авлагыг боловсруулж байгаа юм. Журамд гамшиг, онцгой байдлын үед төрийн байгууллагууд хэр­­­хэн оролцох, гамшгийн үед газар дээр нь очоод ямар маягтаар үнэлгээ хийх, хүүхдийн бүртгэлийг хэрхэн хийх ёстой зэргээр үүрэг хариуцлагыг тодот­гож өгчээ. Одоогийн нөх­цөлд онцгой байдал дуудагдаж очоод сэтгэлзүй, анхны тусламжийг үзүүлдэг бол шинэ журамд зааснаар гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хичээл та­сал­­дуулахгүй байх,  сур­гууль, цэцэрлэгийн барилгыг ашиглан нүүлгэн шил­жүүлэх байрны тоог нэ­мэг­дүүлэх үүргийг боловсролын байгууллага хариуцахаар тусгажээ.

Гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эр­хийг хамгаалах талаарх жу­рамд салбарынхны саналыг тусгах хэлэл­цүү­лэг, дадлага сургуулилтыг НОБГ-ын сур­галтын төвд өчиг­­­дөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна. Гамшгийн үед хүүхэд хам­гааллын зураглалыг гар­гах хэлэлцүүлгийн тө­лөө­лөгчдийн байр суурийг сонслоо.

ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа: ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ЯМАР БАЙГУУЛЛАГА ЯМАР ОРОЛЦООТОЙ АЖИЛЛАХЫГ НАРИЙВЧИЛСАН

-Хүүхэд хамгааллын тог­тол­цоог бэхжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн эрхийн болон хамгааллын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг суурь эрхзүйн баримт бичгүүд батлагдаад явж байна. Хуульд заасны дагуу гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах тусламж, дэмжлэг үзүүлэхтэй хол­богдсон харилцааг зохи­цуулах журмыг боловс­руулж байна. Журамд гамшиг онцгой байдлын үед хэн ямар үүрэгтэй оролцох, ямар үйлчилгээ үзүү­лэх, нэгдсэн удирд­лагаар хэн хангах, тус­ламж дэмжлэгийг ямар бай­гуул­лага хүлээж авч үзүүлэхээс гадна санхүүжилтын асуудлыг нарийвчлан тусгасан. Цахим болон гэр бүлийн орчин зэргээр хүү­хэд хамгаалалд хамтын оролцоотой ажиллах юм. Тухайл­бал, эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо хэсэгт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үерийн устай холбоотой нуур цөөрөм зэрэг орчны  халдваргүйтэл, ариутгал хийх юм. Түүнчлэн хүүхдийн эрх хамгааллын талаарх үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвт тусгах үүрэг хүлээнэ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны зохицуулагч Г.Шүрэнцэцэг: ТҮР ХАМГААЛАХ БАЙР ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД БЭЛЭН БИШ

-Түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 800 гаруй хүүхдийг байр­луулснаас 70 хувийг нь ар гэрт, 30 хувийг нь асрамж халамжийн төвүүд рүү зуучилсан. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсролын  үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Харин гамшиг онцгой байдал тохиолдоход түр хамгаалах байранд хүүхдүүд авна гэвэл бэлэн биш. 22 хүүхдийн багтаамжтай байранд 37 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. Журмандаа 3-7 хоног гэж заасан ч хүүхдүүдийг сар хүртэлх хугацаанд байрлуулж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг 70-80 хүртэлх хоног байрлуулж байсан.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах ангийн салаан захирагч, дэслэгч А.Зориг: НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БАЙРЫГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Манай аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилэн орсон аадар бороо уруйн үерийн улмаас гамшигт өртсөн 16 нярай, 5-13 насны 103 хүүхдийг нүүлгэн шилжүүлэх түр байранд тусгаарласан. Эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 2-3 удаагийн үзлэг шинжилгээ хийх, хоолны шим тэжээлийн нэмэгдүүлэхэд анхаарсан. Бага насны хүүхдүүдийг ээжтэй нь хамт байлгасан. Хамгийн эхэнд усанд боогдсон, гэр орноосоо гарч чадахгүй байгаа хүмүүс буюу бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүстэй айлуудад  яаралтай тусламж үзүүлсэн. Аймгийн Засаг даргын тамгын газраас өдөрт гурван удаагийн хоолоор хангаж байсан. Ер нь гамшиг осол, онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх байрыг илүү төрөлжүүлэх шаардлагатай.

НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Амараа: ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН СТАНДАРТ ГЭЖ БИЙ

-Гамшиг бол нөөц боломжоос давсан хохирол юм. Гамшиг, ослоос болж хүүхэд эцэг эхээсээ салах, орон гэр, хоол хүнсгүй болохоос гадна айдас цочрол зэргээр нийгэм сэтгэлзүйн хувьд маш хүндрэлтэй асуудал үүсдэг. Мөн гамшгаас болж хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй. Хүмүүнлэгийн арга хэмжээнд мөрдөх хүүхэд хамгааллын стандарт гэж бий. Тухайлбал, Хүүхэд хамгааллыг үр дүнтэй зохион байгуулах стандартад удирдлагын уялдаа, хүний нөөц, нөлөөлөл мэдээлэл харилцаа, хүүхэд хамгааллын мониторинг хийх зэрэг орно. Хүүхэд хамгааллын стратегийг боловсруулж бусад нэгж салбартай хамтарч ажиллах нь хамгийн чухал.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Т.Солонго: СЭРГЭЭН ЗАСАХ, СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХӨД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

– Хээрийн түймрээс болж хичээл сургуулиасаа завсардах, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол харьцангуй бага. Малчид эд хөрөнгөөрөө хохирох амьжиргааны эх үүсвэрээ алдаж байгаагийн цаана хүүхдийн сурах, хөгжих эрх давхар яригдана. Гамшиг ослын үед хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хамгаалал яригддаг. Эрсдэл учрах магадлал ч өндөр учраас сэргээн засах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх тулж ажиллах тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Ослын газар хамгийн түрүүнд очсон аврагч хүүхдийн сэтгэлзүйг засах, шаардлагатай анхны тусламж үзүүлэх арга хэмжээг авдаг. Сүхбаатар аймгийн хувьд цасан шуурганд төөрөх,сураггүй болох тохиолдол гардаг ч харьцангуй цөөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

scroll to top