Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зүүн аймгуудын нутгаар   зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хагаст, 30-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 19:04 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км замыг туулан 19:18 цагт очиж, 12х12 метрийн хэмжээтэй байшингийн зоорийн давхар шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хуримын ордон”-ны хойд талд “Цэнтрум” барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:33 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт утаажилтын бүсээс 10 иргэнийг гаргаж ажилласан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осолНийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд 35-ын хонхор гэдэг газар “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 18:09 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 18:15 цагт очиж, /40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй/ ажлын мөргөцгөөс наана 18 метрийн гүнд нурал үүсч дотор нь ажиллаж байсан нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн А /26 настай, эрэгтэй/, иргэн С /38 настай, эрэгтэй/ нар нурангийн цаана тусгаарлагдсан байсныг 4 цаг ажиллаж эсэн мэнд гарган Эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Уг осол дээр нэмэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын 1 алба хаагч, Уул уурхайн аврах ангийн 25 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 1 албан хаагч, нутгийн захиргааны байгууллагын 1 алба хаагч, нийт 39 хүн, 7 автомашинтай ажилласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ганцын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20км-т/ Цагаанхайрхан сумаас Улиастай чиглэлд 10.25-ны өдрийн 14:00 цагийн орчим тус сумын харьяат иргэн Ө /53 настай, эрэгтэй/ 300 толгой бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 4 алба хаагч, ар гэрээс нь 3 хүн, нийт 7 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.26-ны өдрийн 03:00 цагт иргэн Ө /53 настай, эрэгтэй/-г  тус сумын Баянбулаг багийн “Ганцын даваа” гэдэг газар малтайгаа эсэн мэнд байхад нь олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас тус аймгийн Булган, Гурванзагал, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд малчид малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтай төөрч цасанд суусан тухай нийт 8 удаагийн дуудлагыг 10.25-ны өдрийн 22:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар болон нутгийн захиргааны байгууллагын нийт 42 алба хаагч, 7 автомашинтайгаар 7 бүлэгт хуваагдан нийт 11 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.26-ны өдрийн 07:00 цагт 1 иргэн, 07:15 цагт 3 иргэн, 07:20 цагт 1 иргэнийг тус тус эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт “Жирээ” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 13 алба хаагч, 2 автомашин, Хилийн 311 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, 6 автомашин, 4 мотоцикл, 10 морь, 10 тэмээ, нийт 50 хүн,  30 техник хэрэгсэлтэйгээр 10.25-ны өдөр Нуур багийн “Их голын хөвөө”, “Байшинтын гатлага”, “Жиргээгийн-Адаг” гэдэг газруудаар 3 бүлэгт хуваагдан хуурай газраар 46 км-т, “Жирээ” голоор 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:45 цагт түр зогсоосон. 10.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх дахин ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 10.17-ны өдөр хүлээн авсан бөгөөд 10.19-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 10.24-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 7 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 10.25-ны өдөр осолдсон газраас зүүн зүгт “Хэрлэн” гол дагуу 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 удаа гүний шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 10.26-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Н /3 настай, эмэгтэй/ хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 10:42 цагт очиж, угаалгын машиныг бүрэн задалж гарган аюулгүй болгож, ээж А-д хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны “Бумбатын хоолой” гэдэг газар /хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн О-гийн эзэмшлийн “Брэвис” загварын суудлын  автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 цаг 13 минут ажиллан автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

scroll to top