Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, нутгийн зүүн хагаст түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 28-нд нутгийн зүүн хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  5 км замыг туулан 13:05 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Т-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн хана, эд хогшил, иргэн А-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн хана  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд түргэн хоолны газрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 20.26-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 13:42 цагт очиж, тус түргэн хоолны газрын 2 давхар барилгын агааржуулалтын тоног төхөөрөмж, цахилгааны утас, дээврийн материал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 20:14 цагт хүлэн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 20:24 цагт очиж, иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн хана, эд хогшил шатаж байсныг 53  минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багт айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:09 цагт очиж, иргэн А-гийн  хашаа, 6х5 метрийн хэмжээтэй хүлэмж, иргэн Д-гийн 6х5 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг 01:01 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 17:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 17:48 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс иргэн М /60 настай, эмэгтэй/-г аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн “Дунд булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс урагш  22 км-т/ тус сумын харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/ 10.25-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ малдаа явна гэж гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн  07:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 11 хүн, мөн 10.27-ны өдөр Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нутгийн захиргааны байгууллгын 21 иргэн, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 3 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.27-ны өдрийн 17:08 цагт Цагаан хошуу багийн “Ацын булаг” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Булган, Гурванзагал, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдад 10.25-ны өдөр цас орж, цасан шуурга шуурсны улмаас  малчид малдаа яваад сураггүй алга болсон, автомашин цасанд суусан тухай нийт 11 удаагийн дуудлагыг 10.25-ны өдрийн 22:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар болон нутгийн захиргааны байгууллагын нийт 42 алба хаагч, 7 автомашинтайгаар 7 бүлэгт хуваагдан нийт 16 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.26-ны өдөр 16 иргэнийг эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 10.26-ны өдрийн 01:00 цагт тус сумын харьяат иргэн Б /28 настай эрэгтэй/, иргэн О /25 настай, эмэгтэй/, Х /8 сартай, эмэгтэй/ нар “Портер” загварын ачааны автомашинтай сумын төвөөс 0168 дугаар ангийн 5 дугаар заставын чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 09:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 2 алба хаагч, ар гэрийн 1 иргэн, нийт 3 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 12:30 цагт очиж, “Ширээгийн гол” гэдэг газарт цасанд суусан байсныг эсэн мэнд олж, автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт “Жирээ” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 13 алба хаагч, Хилийн 311 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 50 хүн,  34 техник хэрэгсэлтэйгээр 10.21-26-ны өдөр хүртэл 6 хоног Нуур багийн “Их голын хөвөө”, “Байшинтын гатлага”, “Жиргээгийн-Адаг” “Хариг”, “Орхины адаг”, “Бүдэрхий ходоо”, “Хөндийн гурив”, “Ааргийн арал”, “Жирээгийн адаг”, “Цагаан бураа”, “Таар” гэдэг газруудаар 3 бүлэгт хуваагдан хуурай газраар 145 км, завьтай усны мандлын эрэн хайх ажиллагаанд 78 км, “Их гол”-ын хойд хөвөө, Байшинтын гатлага”, “Жирээгийн адаг” “Цагаан бураа”, “Ааргийн арал” нуурын хөвөө зэрэг 46 км газруудаар нисгэгчгүй төхөөрөмж ашиглан агаарын тандалт хийж эрлийн ажлыг зохион байгуулсан. 10.26-ны өдөр аав Д-тэй зөвшилцөж, тус аймгийн ОБГ-ийн даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг зогсоосон.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 10.17-ны өдөр хүлээн авсан бөгөөд 10.19-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 10.24-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 7 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 10.25-ны өдөр осолдсон газраас зүүн зүгт “Хэрлэн” гол дагуу 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 удаа гүний шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 10.26-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top