“Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн нээлтийн ажиллагаа боллоо

Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн  төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулсан.

“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын “Корей телеком” корпорацийн дэд ерөнхийлөгч И Бён Ну, Одон орон геофизикийн судалгааны төвийн дарга С.Дэмбэрэл, Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт нар оролцлоо.

Уг төслийн хүрээнд эхний шатанд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар шинээр байгууллаа.

Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг суурилуулаад байна.

Мөн 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 9 FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) радиогийн газруудад өргөн нэвтрүүлгийн (EBS) тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулаад байна.

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв нь Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Орбитнэт” ХХК-ийн Дата төв зэрэг 3 байгууллагуудтай нийт 6986 метрийн шилэн кабелийн сүлжээнд холбосон.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй” хайрхан уул, Багануур дүүргийн “Мэлз хайрхан”, Налайх дүүргийн “Тамгын өндөр” ууланд дахь дахин дамжуулах төвүүдэд 4 ширхэг хэт богино долгионы дахин дамжуулагчийг суурилууллаа.

Мөн төслийн 2 дугаар үе шатны хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хөдөлгөөнт удирдлагын төвийг 5 тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангахын тулд 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсгүүр суурилуулж холболтыг хийгээд байна.

Газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сум)  нийт 4 аймгийн 7 сумын нутагт 12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан байна.

Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байгаа юм аа.

IMG_8682

IMG_8699

IMG_8703

IMG_8718

IMG_8759

IMG_8735

IMG_8750

 

 

scroll to top