“Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн санамж бичигт гарын үсэг зурав

Онцгой байдлын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сан, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг  бэхжүүлэх нь” төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Уг төсөл нь 2014 оны 11-р сараас 2015 оны 12 сар дуустал хугацаанд Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжих юм.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол улсад 20 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймаг дах салбарууд, Боловсрол, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн амьдралд тогтвортой эерэг өөрчлөлт оруулахын төлөө эрмэлзэн ажиллаж байна.

Тус төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхдээ гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшиг, онцгой байдлын өмнөх болон дараах үед хүүхэд хамгааллын чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах тал дээр анхааран ажиллана.

Энэхүү төсөлд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээг хийж сурах, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Төсөлд хамрагдах байгууллагуудад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулан тодотгох, ажилтан, албан хаагчдад аврах ажиллагааны дадлага олгох сургуулилтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжинд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг тусгах тал дээр анхааран ажиллах юм.

9X1A6147

9X1A6154

 

scroll to top