Онцгой байдлын байгууллагын 2018 оны онцлох үйл явдлууд

-байдлын-цаг-43-zassan.mp4_snapshot_01.29.565.jpg

                                              

     1125 хүний амь насыг авран хамгаалав

    2018 оны эхний 12 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 4367  удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна.  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэх замаар тохиолдсон аюулт үзэгдэл, ослын хохирлын хэмжээг 15,3 хувиар бууруулж, аварсан эд хөрөнгийн тоог 92,2 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй шинэ оноо угтаж байна.

 Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа

    Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр бүс нутгийн түвшинд Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг бататгах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан тус хуралд Ази, Номхон далайн 50 гаруй улс, орны Засгийн газар, 1500 гаруй  иргэний нийгмийн болон олон улсын байгууллага,  хувийн хэвшил, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид зэрэг нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан юм. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн  эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд  орон  нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулах боломж бүрдэж байна.

Салбар нэгжийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэв

  Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг Үндэсний аврах бригад болгон өргөжүүллээ. Ингэснээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллах боломж бүрдэж байна. Мөн Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх  зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад нийт 5 Гал түймэр унтраах, аврах анги, Баянхонгор аймгийн Баянговь,Төв аймгийн Лүн болон Баян сумдад нийт 3 Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөн, салбар нэгжийн бүтэц орон тоог нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол батлууллаа.

                            Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах нөхцөл бүрдлээ

Өнгөрсөн 2017 онд УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын  хуралдаанаар батлууллаа. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах ба дөрвөн жилийн хугацаатай, зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох  юм. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бол Монгол Улсын Шадар сайдын   тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна. Ингэснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах томоохон ажил болж байгааг онцлон тэмдэглэж байна.

                                                1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

   Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл жилээс жилд сайжирч олон улсын стандартын, орчин үеийн багаж, техник хэрэгслээр хангагдсаар байна. Гадаад улс орнуудын дэмжлэг, ард иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжтайгаар Онцгой байдлын байгууллагад 2018 онд аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

186 алба хаагчийг гадаад улс оронд туршлага судлуулав

       Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын зүгээс алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулахад ихээхэн анхаарч ажиллалаа.  2018 онд нийт 186 алба хаагчийг гадаад улс оронд 60 удаагийн хурал, сургалт, семинар, уулзалтад хамруулж, туршлага судлуулаад байна. Эдгээр алба хаагчдаас дээд офицер -7 , ахлах офицер – 74, дунд офицер – 27, ахлагч бүрэлдэхүүн – 75, энгийн – 3 алба хаагчийг оролцуулсан нь  Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтыг биелүүлсэн томоохон дэвшил гэдгийг онцолж байна. 

Гамшгийн орон зайн мэдээллийн сан байгуулах эхлэл тавигдлаа

    Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх зорилгоор “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийг байгууллаа. Энэхүү тасгийг байгуулснаар гамшгийн төрөл тус бүрээр “Гамшгийн орон зайн мэдээллийн сан” бий болгож, гамшиг ослын талаар бодит мэдээллээр хангах, зөв оновчтой шийдвэр гаргах, орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн түүхчилсэн мэдээллийг бүрдүүлэх боломжтой юм. Цаашлаад Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторинг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, Онцгой байдлын байгууллагын орон зайн мэдээллийн хэрэглээ, үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

                                               Улсын нөөц судлалын төвийг байгуулав

     Улсын нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцөл, бүтээгдэхүүний чанар байдалд  туршилтын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус төв нь тэжээлийн үйлдвэр, сорт сорилын гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төв аймгийн Жаргалант сумын нөөцийн салбарыг түшиглэн, тэжээлийн үйлдвэрийг байгууллаа. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн үед малчдад өртөг багатай, малын тэжээлээр хангах зорилгоор “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн үйлдвэр-ийг байгуулан ажиллаж байна. Таримал ургамлын үрийн сортыг Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шар тал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Жаргалант сумдад тариалан, анхны ургацаа аваад байна.

“Гүний усны сургалтын төв”-тэй боллоо

 Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, иргэд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Гүний усны сургалтын төв”-тэй боллоо.   Хөвсгөл нуурын ай сав бүхий цогцолбор газрыг түшиглэн байгуулсан энэхүү сургалтын төвд жилдээ 200 гаруй мэргэжлийн усчин аврагчийг сургаж, бэлтгэх 500-1000 иргэнд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох анхан шатны сургалт зохион байгуулах боломжтой боллоо. Энэхүү гүний усны сургалтын төв нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн харьяанд үйл ажиллагаагаа явуулах юм. Дашрамд дурдахад Давтан сургалт, сэргээн заслын төв нь сувиллын үйл ажиллагаандаа цахим програмыг нэвтрүүлсэн Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг  сувиллуудаас анхдагч нь байгууллага төдийгүй ISO 9001 Олон улсын стандарт Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргаад байна

    Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргалаа. Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-д гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин,  шинэчлэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, галын аюулгүй байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажил болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь төсөв, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг нэгтгэн оруулсан нь Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гадаад, дотоодод сурталчлан таниулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх  боломжийг бүрдүүлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top