Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 8 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 254 удаагийн гал түймрийн улмаас 0.46 тэрбум, орон нутагт 148 удаагийн гал түймрээс 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Иймд иргэн та сар шинийн баярын өдрүүдэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
-Шашины байгууллага, сүм хийдүүд хурал ном айлтгах арц, хүж асаах, зул барихдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангах,
-Иргэд цахилгааны хэт ачаалал / халуун тогоо, плитка, ус буцалгагч гэх мэт / үүсгэх, шингэрүүлсэн шатдаг хий, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, тагтай төмөр зориулалтын саванд хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байх,
-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах,
-Орон нутагт золголтоор явахдаа автомашин, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.