С.САРУУЛ
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай уулзаж, ярилцлаа.
– Алба тайван уу. Сар шинэ дөхөөд ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг, мэдээлэл ихтэй байна уу?
– Уншигч та бүхэнтэй сонины хуудсаар мэндчилж байгаадаа талархалтай байна. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын зүгээс ард иргэддээ гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.Гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн хувьд халуун үнс, нурмаа хашаатайгаа ойр газарт ил задгай асгах, цахилгааны утас ил гарсан байх, цахилгааны хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлдэг зэрэг зөрчил нийтлэг байдаг. Мөн галаа тохируулахгүй, орой ирэхэд гэр дулаан гэдэг үүднээс их хэмжээгээр галлаж орхиод явдаг зэрэг эрсдэл байдаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж золгуутаар явахдаа цахилгаанаа сайтар шалгаж, галын аюулгүй байдлыг хангаарай гэж нийт иргэдэд анхааруулмаар байна.
-Шинэ он гараад удаагүй байна. Тиймээс өнгөрөгч он Онцгой байдлын байгууллагын хувьд хэр үр шимээ өгсөн жил байв?
-Товчоор дүгнэвэл,Онцгой байдлын албаны хувьд 2018 он асар их үр өгөөжтэй, тив дэлхийд Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг шинэ түвшинд сурталчилан таниулсан, тэр хэрээр туршлага хуримтлуулсан жил байлаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр бүс нутгийн түвшинд Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг бататгах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ хурлаар Ази, Номхон далайн 50 гаруй улс, орны Засгийн газар, 1500 гаруй иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид зэрэг нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан.
Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулах боломж бүрдэж байна.
Түүнчлэн, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг дээшлүүлэх замаар тохиолдсон аюулт үзэгдэл, ослын хохирлын хэмжээг 15,3 хувиар бууруулж, аварсан эд хөрөнгийн тоог 92.2 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй 2018 оны ажлаа дүгнэсэн байна. Ер нь ард иргэд амгалан тайван, гамшиг ослын тоо бага, гамшгийн улмаас амссан хохирлын хэмжээ бага байх нь бидний хувьд ололт амжилт юм.
Гэхдээ Баян-Өлгий аймаг, Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт тохиолдсон үерийн аюулууд манай албанаас эхлээд бусад салбарынханд том туршлага, дохио, ард иргэдэд том сургамж болсон гэж харж байна.
– Нээрээ л улс оронд гамшиг ослын аюул багатай байвал та бүхний алба тайван байх юм байна гэдгийг ойлголоо.
– Одоо таны асуултад хариулъя. Онцгой байдлын байгууллага олон ажлын ард гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийг Үндэсний аврах бригад болгон өргөжүүллээ. Ингэснээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллах боломж бүрдэж байна.
Мөн Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад нийт таван Гал түймэр унтраах, аврах анги, Баянхонгор аймгийн Баянговь,Төв аймгийн Лүн болон Баян сумдад нийт 3 Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөтгөн, салбар нэгжийн бүтэц орон тоог нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол батлууллаа.
Энэ бүхэн Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм.
-Тэгвэл алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах асуудал албаны хэмжээнд бодлогын түвшинд яригдаж байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
– Бидний өнгөрөгч онд хэрэгжүүлсэн дараагийн том ажил бол Онцгой байдлын албаны алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болох хууль, журмуудыг шинэчлэн батлуулсан явдал. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Улсын их хурлын хуралдаанаар шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан тус хуулийн нэг чухал заалт нь “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байна” гэсэн заалт юм. Энэхүү нэмэгдлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах ба дөрвөн жилийн хугацаатай, зэргийн нэмэгдлийгтухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. Дээрх нэмэгдлүүд олгогдсоноор нэг алба хаагчийн цалин дунджаар 20 хувиар өсч байгаа юм.
Эдгээрээс гадна Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлан гаргаад байна.
Ингэснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах томоохон ажил болж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
– Ажилтнаа орхиод явтал нь сурга, сургасан хойноо хаяад явж чадахгүй болтол нь халамжил гэсэн үг байдаг. Энэ үгээр танай байгууллага алба хаагчдын нийгмийн асуудал, сурч боловсрох нөхцлийг хэр хангадаг вэ гэж асуух гээд байгаа юм?
– Тантай санал нэг байна. Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын зүгээс алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулахад ихээхэн анхаардаг. 2018 онднийт 186 алба хаагчийг гадаад улс оронд 60 удаагийн хурал, сургалт, семинар, уулзалтад хамруулж, туршлага судлуулаад байна. Энэ бол эргээд Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилтыг биелүүлсэн томоохон дэвшил юм.
Нөгөө талаас алба хаагчдын нийгмийн баталгааны нэг хэсэг бол аятай тухтай амьдрах орчин. Энэ хүрээнд бид Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Төв зэрэг таван аймагт болон Сүхбаатар дүүрэгт нийт 74 айлын орон сууцанд алба хаагчдыг хамруулсан. Дүгнээд хэлбэл, бид ажилтнаа сургаж, мэргэшүүлж боловсон хүчнээ батжуулж байна. Цалин нэмэгдэл авах гол түлхэц болох хууль тогтоомжуудыг батлууллаа.Нийгмийн хангамж талаас тодорхой үе шаттайгаар орон сууцаар хангаж байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил байна.
-Тэгвэл албаны хэмжээнд техник хэрэгслийн чадавхи хэр бэхжиж байна вэ?
– Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл жилээс жилд сайжирч олон улсын стандартын, орчин үеийн багаж, техник хэрэгслээр хангагдсаар байна. Гадаад улс орнуудын дэмжлэг, ард иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжтайгаар Онцгой байдлын байгууллагад 2018 онд аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад 1.4 тэрбумтөгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Албаны хэмжээнд техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бодит хөрөнгө оруулалт болдог зүйл бол гадаадын хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр байдаг. 2018 онд нийт 75.2 тэрбум төгрөгийн гадаадын хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон төсөл байна. 2019-2020 онд Гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах” төслийгхэрэгжүүлнэ.Монгол Улсын Засгийн газар Польш Улсын Засгийн газартай хамтарсан Гал унтраах, аврах автомашин техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, мөн Монгол Улс–Беларусь Улсын Засгийн газар хоорондын Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах төсөл хэрэгжих юм. Онцлох бас нэг төсөл бол БНФУ-ын SOFIMA, DESAUTEE ХХК-тай хамтран хэрэгжүүлэх “Нисдэг тэрэгний төсөл” зэрэг эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжих юм.
– Тэгэхээр та бүхнийг 2019 онд их ажил хүлээж байгаа гэсэн үг байх нь. Ер нь 2019 онд ямар зорилт дэвшүүлж байна вэ?
-Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс энэ онд цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтыг тавиад байна. Дахиад хэлэхэд алба хаагчдаа чадавхижуулах чиглэлд онцгой анхаарал хандуулж байна. Ингэхийн тулд сургалтын орчин, бааз чухал. Өнгөрөгч онд Хөвсгөл аймагт Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор “Гүний усны сургалтын төв”-ийг байгуулсан. Энэ онд дээрх жишгээр Дорнод аймгийн Халх гол сум болон Увс аймгийн Хяргас суманд Гүний усны сургалтын төвүүдийг байгуулна. Ингэснээр усны сургалтын гурван баазтай болох юм. Энэ бол усчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэшүүлэх, бэлтгэхэд ихээхэн түлхэц болох учиртай. Уулчин аврагчдыг бас тусгайлан бэлтгэж байна. Өнгөрсөн жил өндөр уулнаас аврах ажиллагааны сургалт дадлагыг Баян-Өлгий аймгийн нутагт орших “Алтай таван богд” ууланд ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нартай хамтран зохион байгуулсан. Өнөөжил Сутай Хайрханд нэлээн өргөн цар хүрээг хамарсан томоохон сургалт дадлагыг хийхээр төлөвлөөд байна.
-Онцгой байдлын байгууллагын хувьд хамгийн том сургалт бол “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль байдаг. Энэ жил хаана зохион байгуулагдах вэ?
– Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран олон улсын сургалт, дадлага сургуулийг 2018 онд баруунбүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулсан. Үндсэндээ Монгол Улсад долоо дахь удаагаа зохион байгуулагдсан юм. “Говийн чоно” олон улсын сургалт маань болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах, гамшигтай тэмцэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн Монгол Улсын брэнд гэжхэлж болох олон улсын хэмжээний сургалт гэдгээрээ онцлог. Харин 2019 ондоо зүүн бүсэд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.02.04