Аврагчдаа алдаршуулъя

15522235465c850d3a8ade1.jpg

“Эко Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүний цогцосыг аврагчид 10 шахам хоног хайж гаргалаа. Уурхайн 80 м-ийн хана үндсэндээ бараг 90 градусын гэмээр эгц харагдаад байна лээ. Тэгээд бас хананаас нь байнга ус шүүрсэн ийм аюултай нөхцөлд дахин нуралт үүсч хүний амь нэмж эрсдэх аюул дунд аварагчид маань ажиллалаа.  Өөрөөр хэлбэл амь насаараа дэнчин тавьж ажиллалаа.

Харин тэднийг маань бурхан завсарлаж, нэгэн уншигчийн хэлсэнчлэн “Залуус бараг л сохор аз, тэнгэр 2-тоо найдаж ажиллалаа даа”.  Газар дээр нь очиж ажилласан Шадар сайд  дахиад  хүний амь нас эрсдэх аюултай байгааг дахин дахин сануулаад байсан.

Анхны цогцосыг аврагчид гуравдугаар сарын 1-ний 19.04 цаг буюу харанхуй бүрэнхий болж байхад   гаргасан бөгөөд  5 м-ийн гүнтэй шавар мөстэй усанд 8 удаагийн шумбалт хийж байж олж  гаргасан байдаг. Түүнээс хойш гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. Үүнээс хойш гурав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 09-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргажээ.

Энэ олон хоногт аврагчид хэчнээн удаагийн шумбалт хийснийг хэлж мэдэхгүй ч ямархан хүнд нөхцөлд амь насаа дүйн байж хүлээсэн үүргээ нэртэй төртэйгээр гүйцэтгэсэн бэ гэдэг нь нүдэнд илхэн гавьяа. Ард түмэн аврагчдаа үнэлж хүндэлж, урам хайрлаж байгаа.

Аврагчдын гавьяа ганцхан энэ биш. 2016 оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт загасчилж явсан 4 иргэн завьтайгаа хөмөрсөн осол гарсан. Тэр үед аврагчид мөн л  22 хоногийн турш мөстэй хүйтэн усруу 120 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагаа явуулж байсан удаатай. Ойрмогхоны жишээ гэвэл ийм.

Хэдийгээр ингэх нь тэдний хүлээсэн үүрэг ч гэлээ онцгойгийнхон бол ямагт тэргүүн шугаманд амь дүйсэн эрсдэлтэй эхэлж нүүр учирдаг  “нэргүй” баатрууд мөн аж. Ажил үүргийн ийм онцгой  чиг үүрэгтэй хүмүүсийн үнэлэмж хэр байдаг билээ гэдгийг эргэж нэг хармаар ч юм шиг.

Оны өмнөхөн Бүгд Найрамдах Улс тунхагласан болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний  гавьяат ажилтан” цол хүртсэн. Түүнийг Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан тав дах гавьяат,  энгийн аврагчаас төрсөн анхны гавьяат болж байна хэмээн тодотгож байв. Энд энгийн гэдэг үгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл аврагчид дундаас төрсөн анхны гавьяат гэсэн үг. Энэ “энгийн”-үүд дундаас хөдөлмөрөө үнэлүүлж гавьяат төрсөн нь сайн хэрэг. Гэхдээ ганцхан гэхээр бас чамлалттай.

…Одоогоос 10-аад жилийн өмнө Чилийн Сан Хосе уурхайд осол гарч 33 уурхайчин  700 м-ийн гүнд тусгаарлагдаж байсан удаатай.  Тэр үед уурхайчдын түгжигдсэн газрыг багцаалж өрөмдлөг хийж түүгээр агаар, хоол хүнс эм тариа зэрэг шаардлагатай бүхнийг хүргэж тэд 69 хоногийн турш газрын гүнд байсны эцэст бүгд аврагдаж байсан гайхалтай түүх бий.  Аврах ажиллагааг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн сар болж байсан Себастьян Пиньера  газар дээр нь очиж удирдснаар энэ хүний нэр дэлхий дахинд  алдаршиж, улмаар дөрвөн жилийн дараа дахин сонгогдож байв.

Үүнийг дурдахын учир гэвэл эрдэнэт хүний амь насыг аврах ажиллагааны үнэлэмжийг тодотгох гэсэн хэрэг.

 Эко Алтан Заамарын ослын нөхцөлтэй газар дээр нь танилцсан Шадар сайд аврагчдын хувцас хэрэглэл ихэд муудсан, оёдол нөхөөс болсон байна гэдгийг сануулсан. Зүй нь ийм эрсдэл дунд ажилладаг хүмүүсийнхээ хувцас хэрэглэлийг эн түрүүнд шинэчилж, шийдэж баймаар. Түүгээр явсан бөх, тамирчдыг дуудаж, цол мөрдөс зүүж, дүрэмт хувцасаар гангаруулж байхын оронд үүгээр яваа хэдэн бор аврагчдаа арчилж, адаглаад аврах тоног хэрэгсэл бүрэн бүтэн хувцасаар хангах нь ажил хэрэгт өлзийтэй баймаар санагдана.

Хөхөө өвлийн хүйтнээр шахуу мөс шавартай  усанд амь насаа дүйн байж ур чадвар гаргасан аврагчдаа хэрхэн урамшуулж,  хөдөлмөрийг нь үнэлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна шүү.  

Эх сурвалж: zaluu.com Г.Хантулга

scroll to top