Энэ хүмүүнийг Баясгалангийн Энхбаатар гэдэг. Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд гарсан ослын голомтод ажилласан аврагчдын нэг юм.
“Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа аврагч гэдэг маш сайхан буянтай мэргэжил. Хэцүү, хүнд нөхцөл байдлаас хүний алтан амь аврах тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Бид чинь тангараг өргөсөн албан хаагчид шүү дээ” хэмээн өгүүлэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч Б.Энхбаатарын яриаг хүргэе.
-Б.Энхбаатар хэдэн жил Онцгой байдлын албанд ажиллаж байна вэ. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Энхбаатар гэдэг. Одоо 30 настай. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Би Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчаар ес дэх жилдээ ажиллаж байна. Налайх дүүрэгт арван жилийн сургуулиа төгсөөд, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд токарьчин мэргэжлээр суралцаж төгссөн. 2012 онд Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангид “Аврагч авна” гэсэн зарын дагуу бүртгүүлж, ажилд орж байлаа. Налайх дүүргийн Уул уурхайн аврах анги 2014 онд Онцгой байдлын ерөнхий газартай нэгдэж, өнгөрсөн жилээс тус газрын Үндэсний аврах бригадад харьяалагддаг болсон юм. Манай ангийн аврагчид улсын хэмжээнд буюу 21 аймагт гарсан бүх уул уурхайн ослын голомтод очиж ажилладаг.
-Таны гэр бүлд Онцгой байдлын албанд ажилладаг хүн бий юу?
-Манай гэр бүлд Онцгой байдлын албанд ажилладаг хүн байхгүй. Би өөрийн сонирхлоороо аврагч болсон юм. Аврагчаар ажиллах хугацаандаа амьдралын ханьтайгаа учирсан. Эхнэр маань нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн гал унтраах 28 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажилладаг. Түүнийг маань А.Уранчимэг гэдэг.
“Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүллээ. Анх ослын дуудлага ирэхэд жижүүрээр ажиллаж байсан гэсэн үү?
-Би өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд ангийн жижүүрээр ажиллаж байсан юм. “Эко Алтан Заамар” компанийн уурхайд осол гарлаа” гэсэн ослын дуудлага хүлээж авсан. Аврагчид маань хувцас, техник хэрэгслээ бэлдээд, тэр шөнөдөө онгоцоор нисэж, ослын голомтод очсон. Осол гарсан “Эко Алтан Заамар” уурхай Налайх дүүргээс 280 орчим километрын зайтай л даа. Аврагчид ослын голомтод шөнө очсон учраас өглөө эртлэн аврах ажлаа эхлүүлсэн. Хөрсний нуранги үүссэн учраас ус ихтэй, шавартай байсан. Тиймээс аврагчдын хувьд гараар аврах, эрэн хайх ажиллагааг явуулах ямар ч боломж байгаагүй. Техник тоног төхөөрөмж ашиглан аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн.
-Аврагчид хүний амь эрсдэх магадлалтай аюултай нөхцөлд ажиллаж, дөрвөн иргэний цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч чадлаа?
-Үндэсний аврах бригад дотроо усчин аврагч, уул уурхайн аврагч гэж тусдаа ангитай. “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайн ослын эрэн хайх ажиллагаанд манай бригадын найман усчин аврагч шумбалт хийж, маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид ээлжлэн хүйтэн мөстэй, шавартай усанд шумбалт хийж байсан. Харин уул уурхайн аврагчдын хувьд нуранги унахаас сэргийлэх, багаж техникээр тусалж болох ажлыг гүйцэтгэсэн. Биднийг ажиллаж байхад хөрсний нуранги үүссэн уурхайн гурван талын хана хэсэг хэсгээрээ нурж байсан. Бас эсрэг талын хананаас нь ус шүүрч байсан.
Манай удирдлагууд аврах ажиллагааны нарийн төлөвлөгөө боловсруулж, тэнд ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл авч, усыг нь хааж ажилласан. Төлөвлөгөөний дагуу аврагчид анхны цогцсыг гуравдугаар сарын 2-ны өдөр 19.04 цагт харанхуйд шумбалт хийж олсон. Усчин аврагч маань зургаан метрийн гүнд шавартай усанд шумбалт хийж, 40 минут орчмын дараа цогцсыг олж, гаргаж ирсэн. Харин дөрөв дэх ажилтны цогцсыг эксковаторын кабин дотроо байгаа гэж тооцоолж хайсан. Эксковатор нь харагдахгүй зөвхөн гинж нь л гарчихсан байсан. Тэгээд аврагчид “Энд байгаа даа” гээд эксковаторын шанагаар ухтал кабин дотроос олсон. Хэрвээ дөрөв дэх цогцос кабин дотроо байгаагүй бол эрлийн ажиллагаа бас хэд хоног удаашрах байсан.
-Уул уурхайн ослоор амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрээс аврагчидтай уулзсан уу?
-Ослоор амь насаа алдсан ажилтны ар гэрийнхэн бидэнтэй уулзах хүсэлтэй байсан ч эрэн хайх ажиллагаа хийж байгаа учраас голомтод ойртож болохгүй. Бид ч аврах ажиллагаа хийж, гүйцэтгэсний дараагаар тус компанийн ажилчдын байрладаг гэрт тав таваараа хонож байсан. Хамгийн сүүлд дөрөв дэх ажилтны цогцсыг олж, хүлээлгэж өгсний дараагаар ах, эгч нар нь ирж “Та бүхэнд баярлалаа. Дүүгийн маань цогцсыг бүрэн бүтэн гаргаж өгсөнд маш их баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.
-Зориулалтын хувцас, хэрэгсэл хүрэлцээтэй байв уу?
-Усчин аврагчдын усны хувцас шумбалт хийх явцад мөсөнд цохигдож урагдах тохиолдол гарсан. Ослын голомтод зориулалтын шумбалтын хувцас хэрэгсэл тун цөөн байсан. Усчин аврагчид маань нойтон хувцсаа ээлжлээд л өмссөн. Хүйтэнд нойтон хувцсаа хатааж чадахгүй, хүнд нөхцөлд ажилласан гэдгийг дахин хэлмээр байна.
-Ил уурхайн ослын голомтод Онцгой байдлын 250 албан хаагч ажилласан гэсэн үү?
-Аврах ажиллагаанд онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль хяналтынхан зэрэг байгууллагуудаас нийт 250 гаруй албан хаагч ажилласан. Харин Онцгой байдлын газраас 36 албан хаагч ес хоногийн хугацаанд ажилласан. Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангиас гэхэд 20 гаруй албан хаагч ажилласан. Мөн “Эко Алтан Заамар” компанийн бүх тоног төхөөрөмжийг ашиглахаас гадна жолооч, оператор, усны насосчин гээд аврах ажиллагаанд бүх л хүмүүс өдөр, шөнөгүй сайн ажилласан.
-Аврагч та бүхэн уул уурхайн ослын дуудлагаар олон хоногоор, амь насаа дэнчин тавьж ажилладаг. Гэр бүлийнхэн нь санаа зовж, хүлээн суудаг байх даа?
-Уул уурхайн аврах ангийн аврагчид уул уурхайн осол аваарийн голомтод очиж ажилладаг. Заримдаа хөдөө орон нутагт олон хоногоор, ямар ч холбоогүй явна. Ээж, аав маань хоёр жилийн өмнө бурхан болсон юм. Эхнэр маань “Намайг болгоомжтой ажлаа хийгээрэй” гэж захиж, утсаар холбоо барина. Манай хоёр охин намайг дуудлагаар явахаар “Аав хүн аврахаар явсан юм уу” гэж ээжээсээ асуудаг гэсэн. Ажлаа дуусгаад, гэртээ ирэхээр охид маань “Аав аа, та хүнээ аварчихсан уу” гээд л гүйлдээд ирдэг дээ. Аврагчдын эхнэрүүд маань ойрхон ажиллавал хоол унд хийж, бидэнд үйлчилдэг.
Налайх дүүрэгт бичил уул уурхайн компаниуд үйл ажиллагаа их явуулдаг. Тэр ч утгаараа дүүрэгтээ уул уурхайн ослын дуудлагаар их ажиллана. Саяхан Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд осол гарч, гурван хүн нас барсан.
-Онцгой байдлын албанд ажиллах хугацаандаа хэчнээн хүний амь аварсан бэ?
-Би есөн жилийн хугацаанд 300 гаруй дуудлага хүлээн авснаас 100 гаруй иргэний амь насыг аварсан байдаг юм. Мөн “Шударга журам” медаль, Онцгой байдлын албаны төлөө-3 зэргийн тэмдэг, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэг, Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнуулж байсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд мэргэжлийнхээ сайхнаас хуваалцахгүй юү. Хүний алтан амь аварна гэдэг их буян биз?
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа аврагч гэдэг маш сайхан буянтай мэргэжил. Хэцүү, хүнд нөхцөл байдлаас хүний алтан амь аврах тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Бид чинь тангараг өргөсөн албан хаагч шүү дээ. Аврагч бид амьд ч бай, бурхан болсон ч бай хүнээ аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсний дараа л сэтгэл уужирдаг. Мөн олон хоног бие биеэ дэмжиж, тусалж ажилласан нэгнээ хүндэтгэнэ. Ер нь л аврагчид байнгын бэлтгэл сургуулилт хийж байдаг. Усчин аврагчид гэхэд томоохон гол, нууранд очиж сургуулилт хийдэг.
Эх сурвалж: news.mn А.Цээсүрэн