2 дугаар сард үе үе хүйтний эрч эрс чангарна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн 2015 оны 02 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим газраар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх боловч үе, үе хүйтний эрч эрс чангарч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээлэлд ач холбогдол өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж эрүүл мэнд, амь насаа хамгаалан анхааруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 2 дах арав хоногийн байдлаар Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон, Шарынгол сум, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхон, Сүхбаатар, Ерөө, Хүдэр сум, Сүхбаатар аймгийн Асгат сум, Төв аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Хяргас сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Улаан-Уул сумын нутгаар 11-25 см зузаан цасан бүрхүүл тогтсон мэдээтэй байна.
Салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих, шатахууны нөөцтэй явах болзошгүй эрсдлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалан урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна