1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Төв, болон баруун зүүн нутгийн зарим газраар, зүүн зүг, говийн нутгийн ихэнхи газраар цас орж, цасан болон шороон шуургатай байлаа.
Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2. Аюут үзэгдлийн талаар:
Хүчтэй цасан болон шороон шуурга: Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээний дагуу Улсын Онцгой комиссын даргын 2015.02.20-ны өдрийн 03 тоот тушаалаар 2015.02.21-ний өдрийн 07:00 цагаас 02.22-ны өдрийн 07:00 цаг хүртэл хугацаанд Улаанбаатараас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын чиглэлд 2 талдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Хэнтий аймгийн Цэнхэр, Хэрлэнгийн гүүрүүдийн авто замууд дээр ойролцоогоор 100-150 гаруй автомашинтай иргэд түгжирсэн.
2015.02.21-02.22-ны өдрийн хугацаанд орон нутагт автомашинтайгаа цасанд боогдсон, хүчтэй цасан болон шуурганы талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэсүүдээс шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Д-н 17-6-1 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр 2015.02.21-ний өдрийн 12:40 цагийн үед шуурганы улмаас нурсан тухай өөрийн биеэр ирж мэдэгдсэн байна.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Ц 2015.02.21-ний өдрийн 09:30 цагт тус сумын Тамч багийн малчин Б-н хүү Н /15 настай, эрэгтэй/ хоньтойгоо уруудаж сураггүй болсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс өгсөн үүрэг, зааврын дагуу сумаас Засаг даргын орлогчоор ахалуулсан 5 хүний бүрэлдхүүнтэй эрлийн хэсэг гарч 2015.02.21-ний өдрийн шөнийн 02:00 цагт эсэн мэнд олсон. Шуурганд Алтан-Оргил багийн малчин Н, Г нарын гэр нурсан гэж мэдэгдсэн байна.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2015.02.21-ны өдрийн 14:23 цагт тус сумын нутгаар 2015.02.21-ний өдрийн 01:00-04.00 цагийн хооронд 22 м/сек хүртэл шороон шуурга шуурч 3 дугаар багийн малчин иргэн Т-н 5 ханатай гэр, мөн багийн Чойнонгийн толгой гэх газарт нутаглаж байсан иргэн С-н 4-н ханатай гэр, шуурганд тус тус нурсан, 1 дүгээр багийн Хүрэнгийн ар гэх газарт нутаглаж байсан малчин Г-н 4-н ханатай гэр шуурганд нурж тухай үед нь зуухандаа галтай байсан учир гэр нь шатсан, сумын төвийн цэцэрлэгийн дээврийн хар цаас хуурсан гэж мэдэгдсэн байна.
Ховд аймгийн Цахилгаан түгээх ХХК-ийн засварын ажлын баг 2015 оны 02 сарын 20-ны өдрийн орой дуудлагаар гарч 2015 оны 02 сарын 21-ний орон нутгийн цагаар 14:30 цагт засварлан Ховд аймгийн Чандмань сум цахилгаан эрчим хүч хэвийн үйл ажиллагаанд шилжсэн.
3. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 14, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 11 гудамжийн 223 тоотод иргэн Э-н 5х3 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 11:13 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн Д-н 8х11 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг /яндангийн цонолт/ шатаж байна гэсэн дуудлагыг иргэн М 2015.02.21-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Б-н 2 А дугаар гудамжийн 1626 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр эд хогшлын хамт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн шөнийн 04:57 цагт Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцны 4-р байр 1 тоотод З-н 8х28 м2 байрны үүдний тамбарт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 23 дугаар ангийн 7 албан хаагч,
Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэ хороо 3-2 тоотод иргэн Г-н эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй өвлийн дүнзэн байшингийн дотор тал шатаж гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 20 дугаар ангийн 7 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаан-чулуут багийн 46-01 тоотод иргэн Ч-н 5х7 харьцаатай палкан материалаар барьсан байшин дээврээсээ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн өглөөний 05:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 2 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ын 1 үхэр 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.02.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр 2015.02.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Техникийн холбогдолтой ослын талаар
Эрэн хайх, аврах ажиллагаа: Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р баг Шивээт гэдэг /сумаас урагшаа 60 км-т/ газар М /41 настай эрэгтэй/ дан цамцтай халамцуу 2015.02.20-ны өдрийн 23:00 цагийн орчим алга болсон гэсэн мэдээг 2015.02.21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Д-ээр ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай эрэн хайж байна.
Улаанбаатар хотоос Шарын гол сум руу шинийн хоёрны орой явж байгаад замаасаа төөрч Шийрийн бригадын орчим уулын аманд цасан хунгарт машин суучихлаа гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас 6 албан хаагч, 1 автомашинтай очиход УНЦ 82-07 улсын дугаартай портер загварын автомашинтай жолооч Л, эхнэр хүүхдийн хамт цасан хунгарт суусан байсныг татаж гаргасан.
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон 4-р баг Цулхар хорооны гудамжийн хашаа, гэр лүү Цулхарын голоос усны халиа урсаж ороод байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 10:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн 15 албан хаагч,1 автомашинтай очиж, ус халиж гарсан, газрын мөсийг нь хөрөөдөж далан босгож шуудуу татаж урсгасан.
Булган аймгийн Булган сумын 6-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс 12 км-т/ Онгоцны буудлын ойролцоо, Булган-Хөвсгөл чиглэлийн төв зам дээр ОРХ 18-61 улсын дугаартай Маяти загварын автомашин онхолдсон байна гэсэн мэдээг 2015.02.21-ний өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, 1 автомашинтай очиход уг автомашины жолооч Б ганцаараа явж байгаад осолдсон. Биеийн байдалд ил бэртсэн зүйлгүй Шокын байдалтай байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Онгон сум 2 дугаар багийн Олон худаг гэдэг /сумаас хойш 40км-т/ газар М хонио хотлуулаад гэрлүүгээ орох хооронд алга болсон. Хоттой хонь гэр хоёрын хооронд 500 м, уг иргэн нүд муутай гэсэн мэдээллийг 2015.02.21-ний өдрийн 21:15 цагт хүлээн авч тус сумын Тамгын газрын даргаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 22:10 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон.
Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг “Гэзгий Гуу” гэдэг /сумын төвөөс урагшаа 20 км-т/ газар Г /27 настай, эрэгтэй/ 2015.02.21-ний өдрийн 11:00 цагийн үед хониндоо гараад одоо болтол алга гэсэн мэдээг 2015.02.21-ний өдрийн 21:30 цагт хүлээн авч тус сумын орлогч И-ээр ахлуулсан 4 хүн, 1 автомашинтай эрэн хайж байх явцад өөрөө 2015.02.22-ны өдрийн шөнийн 01:40 цагт гэртээ ирсэн тул эрлийг зогсоосон.
Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн 6 албан хаагч, 1 автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан.
Дорнод аймгаас Дашбалбар сумын нутаг дахь Шинь шинийн компаны чиглэлд автобус пургонтой нийт 20 гаруй хүн явж байгаад /аймгийн төвөөс хойш 20 орчим км -т/ цасанд суугаад байна гэсэн дуудлага 2015.02.21-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтэсээс Шинь шинь компанийн У гэдэг өвөрмонгол даргад нь мэдэгдэж том автомашин авч автобусыг татаж авч ирэх үүрэг өгсөний дагуу Шинь шинь компанийн пургон машин автобусыг цасанд суусан газар нь орхиж хүмүүсийг аймгийн төвд 21:15 цагт авч ирсэн тухай тус компанийн орчуулагч О мэдэгдсэн байна.
Сүхбаатар аймгаас урагш 60 кмт “Жарийн овоо” гэдэг газар 10-аад машин суусан, 60-70-д хүн байна гэж иргэн У мэдэгдсэн ба мэдээг 2015.02.21-ний өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтэсээс 6 албан хаагч, 1 автомашинтай очиж эхний ээлжинд 3 машин 9 хүнийг цаснаас гаргаж, аврах ажиллагаа үргэлжлүүлж байна.
Дундговь аймгийн Адаацаг сумаас зүүн тийш 40 км-т нутаглах А-аас 18:00 цагийн орчим Д /14 настай, эрэгтэй/ гэр лүүгээ гараад одоо болтол ирээгүй байна гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч,1 автомашинтай, орон нутгаас 5 хүн, 1 автомашинтай нийт-11 хүн , 2 авто машинтай эрэн хайж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР