Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ

Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллага (ОУИХБ)-ын Женев дэх Ерөнхий Ассамблейн IX тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэж байхаар заасан байдаг.
Энэ жил ОУИХБ-аас “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалгыг дэвшүүлэн Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудын хэмжээнд тэмдэглэх гэж байна. Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах үйл ажиллагааг баталгаажуулах бүтцийг улс орнуудад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой засгийн газар хоорондын байгууллага бөгөөд тус байгууллагын эх үүсвэр 1931 онд тавигдаж, 1972 оны 3 дугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагдсан байна.
Тус байгууллага 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 53 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч орныг эгнээндээ багтааж байна.
Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон.
ОУИХБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь иргэний хамгаалалтын албадын үүрэг болох: хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм
Түүнчлэн ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн.
Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 28 албан хаагч ОУИХБ-ын “Баатар” одонгоор шагнагджээ.

Онцгой байдлын ерөнхий газар
2015.02.27

scroll to top