Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой, хээрийн түймэр

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ОХУ-ын талаас хилийн 857-859 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 103 иргэн, нийт 126 хүн ажиллаж, 2015.03.31-ний өдрийн 05:00 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулан багийн нутаг “Арын хоолой” гэдэг  газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 60 хүн ажиллаж, 2015.03.31-ний өдрийн 11:00 цагт;

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хонин цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг “Харцайн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 37 иргэн нийт 49 хүн ажиллаж, мөн өдрийн 19:36 цагт;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Ямаатын хавцал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, орон нутгийн 20 иргэн нийт 44 хүн ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт;

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн нутаг “Тарган-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 18:00 цагт /18:35 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 17 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 43 хүн ажиллаж, мөн өдрийн 21:35 цагт тус тус түймрийг унтраасан.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Сонгино”-ын 29 дүгээр гудамжийн 344 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 11:44 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30, 65 дугаар ангийн 16 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Хайрхан”-ы 9 дүгээр гудамжийн 171 тоотод иргэн В-н 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 13:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-ын 3 дугаар гудамжийн 575 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 13:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Ханжаргалан”-гийн 7 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 14:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 9 албан хаагч,

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн задгайд иргэн Д-н хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 16:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны 10 дугаар орцын жижүүрийн өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 23:48 цагт Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

 Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 5 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-н 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-н 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5. Тээврийн хэрэгслийн осол

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны 48 тоотын ариун цэврийн өрөөнд мөнгөн ус илэрсэн тухай дуудлагыг 2015.03.31-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч ажиллаж, 2 гр мөнгөн ус байсныг цуглуулан авч аюулгүй болгосон.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Зүүн-Энгэр” гэдэг газар нутагладаг малчин А /33 настай, эрэгтэй/ 2015.03.29-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.03.30-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top