Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам болж буй эдгээр өдрүүдэд Монголчууд бид дэнж хотойтол сайхан нааддаг уламжлалтай билээ. Гэвч анхаарал сэрэмжтэй наадаж, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан үзэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2015 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдөр баруун, төв, зүүн аймгийн нутгаар өдөртөө 32-39 градус хүрч халах бөгөөд 12-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, 13, 14, 15-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгаар өмнөх өдрүүдээс 10-15 градусаар буурах төлөвтэй байна.
Түүнчлэн 07 дугаар сарын 11-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр ихэнх нутгаар, 14, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст зүсэрсэн бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхины хүч ширүүснэ. Иймд:
Баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтыг сайжруулж, ах дүү, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа зохион байгуулалт сайтай явах, голын усны түвшин нэмэгдэх тул тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчих, архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн амралт, аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг судлах, голын ай сав, хуурай сайр, уулын усны буулт бүхий газар хоноглохгүй байх, үргэлжилсэн бороо орох үеэр төл мал осгох, мөндөрт цохиулах тохиолдол гарч байгаа тул малчид малын хариулга маллагаанд анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар бусад холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, дуут дохиоллын цамхагаар иргэд, олон нийтэд зориулсан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээг яаралтай хүргэнэ.
Ард олон минь аюул, осолгүй анхаарал болгоомжтой сайхан наадаарай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР