Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн усчин-аврагч, ахлах ахлагч П.Алтансүхийг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай аврагч юм.
– Таныг ажлын гараагаа Сэлэнгэ аймгаас эхэлж байсан гэж сонссон. Усчин-аврагчаар ажилд орж байв уу, эсвэл?
– Тиймээ, би 2003 онд Сэлэнгэ аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 61 дүгээр ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Ингээд Онцгой байдлын байгууллага болж, шинэ зохион байгуулалтад орсны дараа Гал унтраах 61 дүгээр ангидаа усчин аврагчаар нэг жил ажиллаад, 2006 оноос Дархан-Уул аймагт шилжин ирж, одоог хүртэл тасралтгүй 14 жил усчин-аврагчаар ажиллаж байна даа.
– Яагаад гал сөнөөгчөөс усчин-аврагч руу “урвачихав”. Багаасаа усан спортоор хичээллэдэг, сэлдэг байв уу?
– Усан спортоор хичээллэж байгаагүй ээ. Гэхдээ Хараа голын эрэг дээр өссөн хүүхэд шүү дээ. Харин эгч маань усанд сайн сэлдэг, өндөр эргээс хөлгүй усанд толгойгоороо үсэрдэг, хөвгүүдтэй нийлээд уралддаг хүүхэд байсан юм. Би ах, эгч нарыг дагаад гол руу их очно. Гэхдээ анх яаж сэлж сурсанаа санадаггүй юм /инээв/. Ямар ч л байсан сэлээд сурчихсан байсан. Тэгээд усчин аврагч бэлтгэх сургалтад хамрагдаад л энэ мэргэжлээ эзэмшсэн дээ.
– Тийм бол усчин-аврагч болчхоод явсан анхны дуудлага ямар дуудлага байв. Ямар сэтгэгдэл төрж байв?
– 2005 онд Сэлэнгэ аймгийн Гүн нуурт анхны усны сургалт зохион байгуулагдсан юм. Тэр сургалтад хамрагдаад, сертификатаа гардаж аваад ирсэн оройдоо Дархан-Уул аймаг руу дуудлага аваад, хамт төгссөн Т.Даваажаргал, а/а Г.Баттөр хоёртойгоо хамт явж байлаа. Практик дээр ажиллаж үзээгүй байсан болохоор нэлээн сандарсан. Их гүнзгий, цүнхээлтэй газар. Шумбаад хүрдэггүй. Тэгээд сүүлдээ завиар дээгүүр нь якрь шидэж байж, цогцсыг гаргаж ирсэн. Анхны ажиллагаа байсан болохоор ч тэр үү их л муухай үнэртэй санагдаж байж билээ. Уг нь их удаагүй, 1-2 цаг л болсон байсан санагддаг юм.
– Сургалтаар суралцах, яг практикт гараад ажиллах хоёрт хэр их ялгаатай байв?
– Ялгаа бас мэдрэгдэлгүй яахав. Багаж зэвсэглэмжтэйгээ харьцахаас эхлээд аюулгүй ажиллагааны тал дээр нэмж сурах зүйл их байсан. Ер нь практик ажиллагаанаас их зүйл сурсан даа. Тэгээд ч би энэ мэргэжилдээ, аврагч гэдэг эрхэм алдартаа хайртай.
– Аливаа эрэн хайх, аврах ажиллагааны үед хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл нэрвэгдэгсдийн ар гэрийнхэн байдаг. Ийм хэцүү байдалтай хэр их нүүр тулж байсан бэ?
– Усанд живсэн хүний хувьд тэр том голд хаана байгаа нь мэдэгдэхгүй, урсаад алга болсон учир хэзээ олдох нь тодорхойгүй, зарим үед эрэл олон хоногоор үргэлжилдэг болохоор ар гэрийнхэнд нь үнэхээр хүнд байдаг. Тиймээс нэрвэгдэгчийг гаргаж ирэхэд ар гэрийнхэн нь учир замбараагүй дайрна. Харах гэж зүтгээд, ус руу орчих гээд л…. Уйлж хашгирах асуудал бол энүүхэнд. Ийм асуудал гардаг гэдгийг бид мэддэг болохоор нэрвэгдэгчийг оллоо гэдгээ ар гэрийнхэнд нь мэддэггүй юм. Уснаас гаргасныхаа дараа л ар гэрийнхэнд тайлбарлан, таниулах ажиллагаа явагддаг. Хэчнээн олон хоногоор эрж хайсан ч эцэст нь олоод гаргаад ирэх л бидний ажил, бидний үүрэг.
– Ингэхэд усчин-аврагчид усан дотор энгийн хүнээс арай илүүтэй амьсгалаа түгжиж чаддаг байх гэсэн ойлголт хүмүүсийн дунд байгаад байдаг?
– Энгийн хүнээс бараг ялгаагүй дээ. Хамгийн гол нь сэтгэлзүй л байдаг юм. Маш тайван байж, биеэ сул байлгаж байж усны гүнээр хайгууль хийдэг юм. Бас цэнгэг нуур, далай л биш бол гүний шумбалт хийхэд 2-3 метр доошоо ороод л харанхуйлчихдаг. Тийм болохоор канал татаад, мэдрэмжээрээ олстойгоо харьцаад л хайгуулиа хийнэ шүү дээ. Харин тогтмол ус бол урсаж байгаа зүйлгүй учраас хайгуул хийхэд баримжаа авах боломжтой мөртлөө гүн, харанхуй, хог ихтэй байдаг бол урсгал ус хоггүй хэдий ч хайгуул хийхэд урсаад явсан байх магадлал өндөр байдгаараа ялгаатай. Эдгээрийг манай усчин аврагчид сайн мэднэ дээ.
– Аврагчийн гэргий байна гэдэг асар их сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг болов уу гэж бодогддог. Хүнд алба юм аа, болиоч гэж танд хэлэх үе байв уу?
– Анхандаа санаа нь зовоод араас утастдаг л байсан. Одоо бол дасчихсан гэх үү дээ. Болгоомжтой яваарай л гэдэг юм. Би гэргийтэйгээ Дархан-Уул аймагт шилжиж ирээд танилцаж байлаа. Одоо бид хоёр хүүтэй. Том хүү маань тавдугаар анги. Бага нь нэгдүгээр ангийн сурагч. Тэд маань аавыгаа аврагч гэдгээр их бахархдаг. Хоёулаа аавтайгаа усанд орох их дуртай. Бага хүү маань сэлэхийг ерөөсөө шумбах л гэж ойлгодог /инээв/. Нүүрээ усанд хийчихээд л хөвнө. Тэгээд би чадаж байгаа биз гээд л онгирдог юм.
– Манай албанд үе залгамжилсан аврагчид олон байдаг. Хөвгүүдээ аврагч болъё гэвэл зөвшөөрөх үү?
– Миний хүүхдүүд аавынхаа ажил дээр ирэх их дуртай. Усчин болъё гэвэл би дуртай зөвшөөрнө. Хүүхдүүдэд маань сонирхол байвал дэмжиж, багш нь болж, зааж сургана даа.
– Аврах ажиллагаа болгон ард нь бодох, санах зүйл үлдээдэг байх. Гэхдээ тэдгээрийн дундаас онцлох, санаанаас гардаггүй дурсамж болон үлдсэн зүйл байвал бидэнтэй хуваалцахгүй юу?
– Сэлэнгэ амгийн Дулаанхаанд Ерөө голын эрэг дээр найзуудтайгаа амарч байтал хүүхэд усанд уначихлаа, живлээ гээд л хүмүүс хашгиралдаад явчихсан. Харсан чинь нэг жаахан хүүхдийн толгой шомболзож харагдсан. Нохой самардаж байгаад ус залгисан уу, яасан юм бэ, сандарчихсан байсан. Яваад очтол мөрөн дээр дараад амьсгаа авсан. Тэгж амьсгаа авахуулчихаад би өөрөө доошоо шумбаж хөлнөөс нь түлхээд эрэг рүү дөхүүлээд, хоёулаа уснаас гарч байлаа.
– Тэгвэл туршлагатай аврагчийн хувьд залгамж халаа болсон залуустаа юу захиж хэлэх вэ?
– Миний бодлоор аврагчид маань практик дээр суралцах нь хамгийн чухал. Тэнд олон зүйлийг үзэж харна, осолдогчтой харьцана, сэтгэлзүй бэлтгэгдэнэ гээд их зүйлийг суралцана даа.
– Манай уншигчидтай ярилцсан танд баярлалаа. Таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
“Онцгой мэдээ” сонин