Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хэнтэйн уулархаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3-нд нутгийн хойд хэсээр 12-14 м/с, 4, 5-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 13:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 21 км замыг туулан 13:35 цагт очиж, 6 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой” зуслангийн задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 15:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:55 цагт очиж, 3 га талбайд өнжмөл өвс шатаж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 15:09 цагт очиж, 7х3 метрийн хэмжээтэй өвөлжөө, 1 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын зүүн талд граж шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 22:20 цагт очиж, 4х2 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 03:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км камыг туулан 03:32 цагт очиж, 5 ханатай 2 гэр шатаж байсныг 20 минутад ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 04:25 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55  дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 05:25 цагт очиж 10х5 метрийн хэмжээтэй өвөлжөө, малын бууц шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хорооны задгайд оршин суугч Ү /60 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 03.29-ний өдрийн 20:20 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  ангийн 13 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 8 ажилтан, нийт 21 хүн, 6 автомашинтайгаар “Хатгал” тосгоноос баруун хойд зүгт “Нисэхийн хаяа”, “Маа толгой”, “Бага гунж”, “Могой мод” зэрэг газруудаар нийт 10 км-ын тойрогт, мөн “Хатгал” тосгоноос баруун урд зүгт “Эгийн гол”-ын гүүр орчмоор 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан. Иргэн Ү нь тус аймгийн Ханх сумын Турт багийн төвд /Хатгал тосгоноос 170 км-т/ оршин суудаг өөрийн төрсөн ах П-гийнд 03.31-ний өдрийн 05:00 цагт очсон тухай ар гэрийнхэн нь мөн өдрийн 10:00 цагт мэдэгдэж, Цагдаагийн байгууллага шалгаж, тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 03.31-ний өдрийн 10:30 цагт зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат иргэн А /57 настай эрэгтэй, ойн сангийн харуулаар ажилладаг/ 03.28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар 03.31-ний өдрийн 15:50 цагаас Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн тойрогт, мөн “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 04.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top