Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч шороон шууурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с, 5-нд зарим газраар, 6-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 80 боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 10:49 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 11:15 цагт очиж, 01цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 11:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 0,5 км замыг туулан 11:41 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд иргэн Ч-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Э-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаарын урд хэсэг, 20 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:16 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлт дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 13:02 цагт очиж, 02 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн “Их сараалж” гэдэг газар /Тариалан сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ өвөлжөөний хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 13:40 цагт очиж, 03 цаг 45 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 1х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 метр хашаа, 3х8 метрийн хэмжээтэй хүлэмж, 0.7 га талбайн өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:00 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 11:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 11:54 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 14:56 цагт очиж, 02 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 5 ханатай гэр, 1 га талбайн өнжмөл өвс, 3 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 16:06 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 00:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 00:07 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд иргэн Т-гийн “Тоёото Пассо” загварын суудлын автомашин, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:58 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 25 мориор 04.01-ний өдрийн 16:30 цагт түймрийн голомт руу явсан. ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр 04.02-ны өдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан ОБЕГ-ын 3 алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, нийт 30 алба хаагчийг түймрийн голомтод хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд 09:05 цагт нисч 11:35 цагт Мөрөн хотод буусан. Мөн өдөр түймрийн голомт руу нисдэг тэргээр 2 удаа алба хаагчдыг зөөвөрлөж, ОБЕГ-ын 3 алба хаагч, ҮАБ-ын 27 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин алба хаагч, Цагаан-Үүр сумын Засаг дарга Д.Далай, нийт 45 алба хаагч “Залуугийн гол” гэдэг газар түймрийг оруулахгүйгээр тогтоон ажиллаж байна. Түймрийн голомтын байдал салхитай, хуурайшил ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байна. Орон нутгийн 10 иргэн, 10 мориор 04.02-ны өдөр түймрийн голомтруу явсан. Нисдэг тэрэг түймрийн голомтод хоносон.

 

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн Өлзийт гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 25 км-т, Айраг сумаас хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд тус аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э /48 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Фотон” загварын ачааны автомашин авто замын зорчих хэсгийн хажуу руу унаж, төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 06:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, тус сумын Цагдаагийн тасгийн 7 алба хаагч, 2 автомашинтай 50 км замыг туулан, 08:29 цагт очиж, 03 цаг ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо /22 товчооноос баруун зүгт 100 метрт/ Хан-Уул дүүргийн харьяат иргэн З /29 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ландкрузер-105” загварын суудлын автомашин Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 13:08 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, 24 км замыг туулан 13:35 цагт очиж, 20 минут ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат иргэн А /57 настай эрэгтэй, ойн сангийн харуулаар ажилладаг/ 03.28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар 03.31-ний өдрийн 15:50 цагаас Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн радиуст, “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 16:00 цагт харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас олсон боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 04.01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 10:30 цагт тухайн харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон бөгөөд 20 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. 04.02-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метр/ Орхон голд нэр, хаяг тодорхойгүй, 50-55 настай, эрэгтэй хүн усанд живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 28 алба хаагч, 5 автомашин, 1 төмөр завь, тус аймаг дахь Цагдаагийн газрын 20 алба хаагч, 2 автомашин, нийт 48 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр 2.5 км замыг туулан 18:24 цагт очиж, усанд осолдсон газраас 600 метр газар төмөр завиар /завь явж болох гол хэсэг болон захын харзалсан хэсгүүдээр 3 удаа/, эрэг дагуу 2 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг явуулж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, мөс нимгэрч цөмрөх аюултай байгаа тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 04.03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн ард дулааны худагт хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 17:15 цагт очиж, нэр, хаяг тодорхойгүй, 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top