Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос иргэдийнхээ амь нас, өмч хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж яваад амь эрсэдсэн эрэлхэг гал сөнөөгч, аврагч дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачлагыг гаргажээ.
Ахмадын зөвлөлөөс цогцолбор барихад дэмжлэг үзүүлэх хандивын аянг албаны хэмжээнд эхлүүлж, аяны талаарх танилцуулгыг хийж орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад тус аймгийн Онцгой байдлын газрын Ахмадын хорооны 37 ажилтан оролцож, 100 хувийн саналаар уриалгыг дэмжин нэг өдрийн тэтгэврийн мөнгийг хандивлахаа илэрхийллээ.
Тус цогцолборыг ахмад буурлуудаа байнга санан дурсах, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ахмад үеийнхээ дайчин уламжлалыг өвлүүлэх, иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө тангараг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг төв болгохоор зорьж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.