Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 8-13 м/с, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 18-20 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 19,21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд  8-13 м/с, 19-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Дэлгэрхааны-Уурхай” гэдэг газар  /Бэрх тосгоноос зүүн урд 15 км-т/ “Сити” ХХК-ийн вагончиг шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 20:00 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Архангай аймгийн Тариат сумын харьяат иргэн Б /53 настай эрэгтэй/, Улаанбаатар хотын харьяат иргэн Э /50 настай, эрэгтэй, нүүр, гар хайрагдсан/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад  хүлээлгэн өгсөн.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 10:57 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 11:11 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 6 дугаар хороонд 10х2 метрийн хэмжээтэй хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 28,5 км замыг туулан 11:53 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 2х5 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 10 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 18:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км замыг туулан 18:14 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Дархан 50” цогцолборын хашааны гадна шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 21:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 21:32 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд 12х2 метрийн хэмжээтэй хүүхдийн унтлагын өрөөний эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 23:01 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 23:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Голомтын бүсээс иргэн Ц /40 настай, эрэгтэй/, Ц /36 настай, эмэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/, Т /1,9 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй бүсэд гарган аварсан.

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд иргэн Н-ийн эзэмшлийн “Соната 5” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 03:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км замыг туулан 03:18 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 5-10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 19 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 13 алба хаагч, Үндэсний аврах бригадын 19 алба хаагч, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалттай газрын 11 ажилтан, орон нутгийн 15 иргэн, нийт 78 хүн, 8 автомашин, 6 морьтойгоор ажиллаж, 04.16-ны өдрийн 09:30 цагт түймрийг цурманд оруулж, 04.17-ны өдөр цурман доторх уугисан нурмыг унтраан ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнүүн-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч орон нутгийн 24 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой ажиллаж 04.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулж, 04.17-ны өдрийн 14:40 цагт түймрийг бүрэн унтрааж, Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газрын Цагааннуур сум дахь байгаль хамгаалагч Г.Магсар, Б.Гэлэгцогт нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт 8 га талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Нарангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 3 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 17 хүн, 2 автомашинтай, 4 морьтой ажиллаж, 04.17-ны өдрийн 09:00 цагт түймрийг цурманд оруулж, мөн өдрийн 17:00 цагт бүрэн унтрааж, цурмыг манаж ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоциклтой 04.15-ны өдрийн 22:20 цагт очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.16-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, нийт 81 алба хаагч, 8 автомашинтай хүч нэмэгдүүлэн очсон. Түймрийн голомтод нийт 149 алба хаагч, 14 автомашин, 4 мотоциклтой ажиллаж байна. 04.17-ны өдрийн 20:31 цагийн байдлаар түймрийн баруун урд, баруун, баруун хойд хэсгийг цурманд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ Монгол Улсын хилийн 834-836 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 14 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 15 албан хаагч, Сум дундын ойн ангийн 3 ажилтан, нийт 44 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулж, салхины хүч зарим үед 10-12 м/с хүрч байсан боловч цурман доторх уугисан нурмыг унтраан ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 3600  га талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байшингийн модон хийцэд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 16:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 16:42 цагт очиж, иргэн М /35 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Маяти-2” загварын ачааны автомашины тормоз эвдэрсэний улмаас иргэн З /32 настай, эрэгтэй/-гийн байшинг мөргөж, иргэн Э /28 настай, эрэгтэй/-гийн толгой, нуруу, Э /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top