БСШУСЯ-ны харьяа Багшийн хөгжлийн ордонд үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагын 200 гаруй ажилтан, албан хаагчдын төлөөлөл өнөөдөр Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчдөд талархал илэрхийллээ.
Талархалд, “2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Багш хөгжлийн ордонд гарсан галын дуудлагыг хүлээн авч, галыг богино хугацаанд шуурхай унтраан, дотор нь ажиллаж байсан хүмүүсийг авран гаргаж мэргэжлийн ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн нийслэлийн Онцгой байдлын газрын 10 дугаар ангийн гуравдугаар салааны хамт олонд энэ ордонд үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага, 200 гаруй ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлж байна. Танай хамт олон галын утаанд хоригдон гарч чадахгүй, амь нас нь дээсний дөрөөн дээр байсан ажилтнуудыг маань авран гаргахдаа гал унтарсан тул сандрахгүй, тайван байх, гадаа гараад шууд хүчтэй амьсгалахгүй байх, хордлогыг хэрхэн тайлах, хүмүүс бүгд гарсан эсэх, хамт байсан хүнээ сайн бүртгэх, сандрахгүй тайван байх хэрэгтэй гэх мэтээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан нь тэднийг цочролд орохоос маш сайн хамгаалсан гэдгийг дуулгахад таатай байна” гэжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.