ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН Г.БҮЖИНЛХАМ

bujinlkham-3.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд үе, үеийн ахмад алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзахад 60 гаруй насных болов уу гэмээр эмэгтэй нүдэнд тусч байв. Халимаг үсээ чамбай гэгч нь босгож хойш нь самнасан, ойр тойрны ахмадуудтай хүндэтгэлтэйгээр толгой дохин мэндчилж биеэ цэгцлэн суух тэр эмэгтэй өнөөдрийн миний ярилцлагын зочин 85 настай бэлтгэл дэд хурандаа Г.Бүжинлхам байлаа. Иргэний хамгаалалтын байгууллагын байнгын курсын анхны захирал, анхны эмэгтэй багш түүний хувьд амьдралынхаа 30 гаруй жилийг Иргэний хамгаалалтын хичээлийг ард иргэд, их дээд сургуулиудад зааж сургасан арвин их үйлийн эхлэлийг тавьсан сурган хүмүүжүүлэгч юм.  Яриа бүхэн нь эмх цэгцтэй, яахын аргагүй насаараа багш байсан хүн аргагүй биздээ гэмээр үнэ цэнэтэй сургамж үг бидний дунд өрнөсөнийг уншигч таны мэлмийд өргөж байна.

Тантай ярилцах завшаан олдсонд туйлын баяртай байна. Анх таныг манай байгууллага ахмадуудаа хүлээн авч уулзахад харж байлаа. Одоо тантай  тухтай танилцах боломж гарч байна?

– Намайг Гомбын Бүжинлхам гэдэг. Завхан аймгийн уугуул хүн байна. Улаанбаатар хотод Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсөөд, дараа нь 1959 онд Монгол Улсын их сургуулийн химийн ангийн анхны төгсөгч болсон. Одоо манай химийн ангийн анхны төгсөлтийн 60 жил тохиож байна. Сургуулиа төгсөөд шууд ариун цэврийн станцын химийн лабораторийн эрхлэгчээр очсон доо. Тэнд гурван  жил ажиллаж байгаад дараа нь  Хөдөө аж ахуйн дээд сургуульд жинхэнэ химийн багшаараа ажилласан. Энд би мөн хоёр жил гаруй хугацаанд багшилж, 1964 оны 10 дугаар сарын 1-нд Иргэний  хамгаалалтын байгууллагын “Байнгын курс”-ын анхны захирлаар ахлах дэслэгч цолтой томилогдон очсон түүхтэй  хүн дээ.

– Тэгэхээр үндсэн мэргэжил тань химийн багш  гэсэн үг байх нь. Ардын багш хүн армийн эгнээнд шилжсэн  түүх  сонирхол татаж байна? 

– Тиймээ би цэвэр химийн  багш. Дэлхийн улс гүрнүүд капиталист, социалист системд хуваагдаж 1960-аад оны дундуур олон улсын байдал эрс хурцдаж дайны аюул заналхийлсэн үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1964 оны 9-р сарын 435 дугаар  тогтоолоор “Үй олноор хөнөөх зэвсгээс ард иргэд, ардын аж ахуйг хамгаалах хэрэгт бүх ард иргэдийг сургаж бэлтгэх” гэсэн заалт гарсан байдаг юм. Ингэж “Байнгын курс” буюу Иргэний хамгаалалтын байгууллагын сургалтын курс байгуулагдсан түүхтэй. Ингээд тухайн үеийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн дарга генерал С.Равдан, штабын дарга М.Сияннямбуу, атом химийн хэлтсийн дарга, хурандаа М.Тэрбиш, мэргэжилтэн К.Б.Галькин нарын удирдлаганд очсноос хойш Иргэний хамгаалалтын байгууллагад тасралтгүй 30 гаруй жил амьдралаа холбосон байдаг юм. Үүний эхний таван жил нь Байнгын курсын захирал, сүүлийн 20 гаруй жилд нь Анагаах ухааны дээд сургууль, Монгол Улсын их сургуульд иргэний хамгаалалтын ахлах багшаар ажилласан юм. Байнгын курст очихдоо цэргийн биш байсан учраас иргэний хамгаалалтын анхны мэдэгдэхүүнд сургах, цэргийн амьдралтай танилцуулж офицер болгох зорилгоор атом химийн хэлтэст ажиллаж байсан Н.Намхайдагва ахмад бид хоёрыг курст явуулсан. 10 дугаар сард томилогдож ирсэн миний хувьд 11 сар хүртэл Улаанхуарангийн цэргийн казармд 21 хоногийн цугларалтанд явсан нь хатуужил тэсвэр тэвчээрийг олгож эндээс л жинхэнэ офицер болсон доо. Тэр курсээс ирээд дарга нартаа илтгээд, танхим байгуулах ажилдаа шамдсан. Энэ танхимыг 23 дугаар сургуулийн  подвальд анх байгуулж байсан. Ямар зохион  байгуулалттай, хичнээн ширээ сандалтай байхаас эхлээд бүгдийг хурандаа М.Тэрбиш, К.Б.Галькин, Н.Балдандаваа, Н.Намхайдагва зэрэг нөхөдтэйгээ нийлж босгосон юм. Танхим маань 1964 оны 12 дугаар сард нээлтээ хийв ээ. Үндсэндээ нэг сарын дотор танхим маань боссон. Нээлтээ хийхэд С.Равдан генерал, төв хорооны хэлтсийн дарга, генерал С.Батаа нар ирж хүлээж авч байсан ийм түүхтэй юм.

– Тухайн үед дайн байлдаантай үе байсан гэлээ. Яг ямар нөхцөл байдал, ямар нийгэмд амьдарч байв,  та тэр үед хэдэн настай байсан юм бэ?

– Би 20 гаруй настай байсан. Ер нь дэлхий нийтээр үймээн самуун, дайнтай, шинэ зэвсэг их гардаг. Үй олноор хөнөөх зэвсэг гэхэд цөмийн зэвсэг, химийн, биологийн зэвсэг гээд бүх төрлийн зэвсэг орно шүү дээ. Ямар, ямар хорт бодисыг химийн зэвсэгт хэрэглэдэгээс эхлээд тэр бүгдийг нарийн судалж, төлөвлөж байлаа. Тэр үед үнэхээрийн хүнд нөхцөлд байсан. Дэлхий нийтээрээ нөхцөл байдал хүнд байсан учраас Монгол Улсад ч ард түмнээ хамгаалах, оршин  тогтнохын тулд зориуд улс орноо, ард түмнээ бэлдэж эхэлсэн юм шүү дээ. Бидний түшдэг гол улс бол мэдээж Зөвлөлт холбоот улс байсан. Тэндээ курст сууж, ном товхимолоос суралцана. Одоогийнх шиг интернэт ороод бүхнийг мэдэж авах, судлах боломж байсан биш.

– Иргэний хамгаалалтын байнгын курс их л нарийн бодлого, шаардлагаас үүдэн  бий болжээ дээ?

– Тэгэлгүй яахав. Иргэний хамгаалалтын байгууллагын зөвхөн нэг хэсэг нь л манай сургалтын курс байлаа шүү дээ. Байгууллага өөрөө атом химийн хэлтэс, сургалт гээд дотроо олон хэлтэстэй байсан юм. Курс анх байгуулагдахад би дандаа эрэгтэй багш нартай хамт ажилладаг байсан. Хэдий дандаа эрчүүдтэй хамт байсан ч тэд маань намайг ямагт дэмжинэ. Би ч тэднээсээ дутахгүйн төлөө маш их чармайдаг. Тэр ч байтугай сайдын шалгалт гээд биеийн тамир, буудлагын бүх шалгалтаа сайн л өгдөг байлаа. Нэг ёсондоо эрчүүд маань намайг хурцалж, хатуужилтай болгосон.

– Аливаа зүйлийн эхлэлийг тавина гэдэг хамгийн  том даваа. Сурах бичиг, ширээ сандалаас нь эхэлсэн гээд. Тэр анхны дурсамжаасаа хуваалцаач? Тухайлбал анхны сурагчид нь ямар хүмүүс байсан бол?

– Манай курсын анхны сурагчид нь Улаанбаатар хотын бүх албан байгууллагын газрын дарга нар, намын үүрийн дарга, боловсон хүчин гээд тэр үеийн хариуцлагатай албыг хашдаг хүмүүсийг Н.Ванчинсүрэн хурандаатай Улаанбаатар штаб зохион байгуулаад манай курс руу явуулдаг байсан юм. Долоо хоног бүр 40 өөд хүн явуулна. Тэр 40 өөд хүнд 40 цагийн программаар хичээлийг долоо хоног заана. Дараа нь түүнийгээ бататгаж шалгалт авна. Тэгээд “Олон нийтийн зааварлагч” гэдэг үнэмлэх олгодог байв. Үнэмлэх авсан иргэд дахиад л цаашаа сурсан мэдсэнээ хүмүүст заана. Нам засгаас тийм бодлого барьдаг байсан бүх албан байгуулагат долоо хоног бүрийн мягмар гаригт албан бус цагаар Иргэний хамгаалалтын хичээл явуулах. Танхимын хичээл орлоо, дадлага сургууль хийнэ. Олон нийтийн зааварлагч тэр бүхнийг хийхэд бид очиж хяналт тавьж шалгадаг. Ингэж албан шаардлагаар хамруулдаг байсан учраас Улаанбаатар хотын бүх хүн ам нийтээрээ анхны мэдэгдэхүүнтэй болчихсон байсан үе юм. Иргэний хамгаалалтын курс байгуулагдаад Толгойтод хээрийн дадлага сургуулиа хийж байсан. Дараа нь Төв, Завхан, Хөвсгөл, Дорнод гээд аймагт Иж бүрэн сургууль зохион байгуулсан. Ингээд таван жил дараалаад таван иж бүрэн сургуульд явсан байдаг юм.

– Гамшиг ослоос өөрийгөө аврах, хамгаалах, одооныхоор Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн  эхлэлийг л та хэд маань тавьсан байх нь?

– Тийм тийм. Яг иж бүрэн сургууль. Ямар зэвсэг байдаг, тэр зэвсэг ямар аюултай байдаг, гарах хөнөөл нь юу болох, хор хөнөөлийн голомт гэж юу юм, дохиогоор хэрхэн ажиллах вэ, тэр голомтод хүн амыг хэрхэн хамгаалж туслалцаа үзүүлэх вэ гээд бүгд орно. Цаашлаад хүн, малын халдварт өвчин гээд. Тийм учраас бид тухайн үед яамдуудтай маш нягт хамтын ажиллагаатай байсан. Яамдууд дээр очиж хичээл заалгана. Чиглэл тус бүрээр  яамдуудаас мэдлэг олж аваад түүн дээрээ түшиглэн өөрсдийн ажилтайгаа уялдуулна. Бид нар хичээл, сургалтаа маш нарийн томъёо, тооцоололтой заадаг байсан. Хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болох, хэдэн давхар барилга байшин байх вэ гээд. Замын өргөн хэр  байх уу, аврах ажиллагаа  явуулахад тулгарах бэрхшээл зэрэг бүхнийг тооцоолдог байлаа. Иргэний хамгаалалтын байгууллага чинь 1964 онд бий болсон ч нарийн мэргэжлийн боловсон хүчнээр 70, 80 он гэхэд бүрэн хангагдчихсан. Иргэний хамгаалалтыг мэдэхгүй хүн гэж үгүй болсон юм. Намайг бол ард иргэд, их дээд сургуулиудад хичээл зааж байсан болохоор миний үеийн хүмүүс Иргэний хамгаалалтын Р.Бүжинлхам гэдгээр нь мэднэ. Ингээд бүх их, дээд сургуулиудад 1969 оноос Иргэний хамгаалалтын хичээл орж эхэлсэн. Сургалтын хэлтсийн дарга маань н.Төмөр хурандаа байв. Тэгээд Анагаах ухааны дээд сургуулийн багш, Хөдөө аж ахуй гээд бүх их дээд сургуулийн багш нарыг  энэ курстээ бэлддэг байсан юм. Эд нар дундаа би ганц эмэгтэй багш нь байлаа. Одоо багш нараас маань гурав нь л амьд сэрүүн байна даа. Л.Сосорбарам, н.Цэрэнданзан бид гурав. Хожим намайг залгамжилсан эмэгтэй багш нь н.Мянганнасан гэдэг эмэгтэй. Дараа нь н.Мөнхбаяр гэж эмэгтэй химийн багштай болсон юм.

Хүнд худлаа хэлнэ, хэлсэнээсээ буцна, хүний итгэл алдна гэсэн ойлголт байсангүй

– 1964 онтой харьцуулахад өнөөдөр нийгэм их өөр болсон. Дэлхий даяаршиж техник технологийн хурд хүчийг хүн бараг гүйцэхгүй болж байх шиг. Хүн төрөлхтөн соёлжиж байна гэх үү дээ. Гэвч мөн чанараар нь харвал эсрэгээрээ доройтоод байна уу даа гэж бодох юм?

– Их сонин, чухал асуулт байна. Би бас яг ингэж боддог юм. Б.Ууганбаяр дарга өчигдөрхөн зурагтаар ярьж байсан. Нийслэлд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болно гээд. Тэгээд дотроо бодож байлаа. Бидний  үед аливаа зүйлийг хүлээж авахад маш сайн байсан. Яагаад гэвэл нэг удирдлага дор. Удирдлага, даргын зүгээс  юу л хэлнэ тэр бүхэнд “За” л гэж биелүүлдэг ийм л үе байхгүй юу. Бид ч өөрсдөө тийм дайчин, үнэнч шударга.

Ард иргэд нийтээр дуулгавартай, зөөлөн байж. Үүний хүчинд курс байгуулагдаад гуравхан жилийн дотор Улаанбаатар хотын бүх албан байгууллага, ард иргэдийн 80 гаруй  хувьд нь иргэний хамгаалалтын талаар мэдлэг ойлголттой болчихсон байлаа шүү дээ. Гэтэл одоо гамшгийн үеийн дуут дохиогоор ажиллана, аюулгүйн цэг дээр очоорой гэж мэдээллээд, дохио дуугараад байхад л иргэд дэлгүүр хэсэн, гэртээ орогноод, ач холбогдол өгөхгүй байгаа хандлага их ажиглагдаж байна.

– Та насаараа багш байсан хүн. Тэгвэл он цаг солигдоход хамгийн их өөрчлөгдөж, тэр нийгмийн өөрчлөлтөнд автаж байгаа зүйл нь ХҮН юм биш үү?

– Би их дээд сургуулиудад 20 гаруй  жил багшиллаа. 7000 гаруй шавьтай. Энэ хугацаанд хараад ажиглаад байхад тэр үеийн сурагчид дуулгавартай, чих зөөлөнтэй байсан. Одоо бол хүн чанар ховорджээ. Бие биедээ туслах, хүндлэх хүндлэл дутагдалтай байгаа юм уу даа гэж боддог. Бидний үед ажлыг хийвэл хийсэн шиг хийнэ. За бол ёогүй. Хүнд худлаа хэлнэ, хэлсэнээсээ буцна, хүний итгэл алдна гэсэн ойлголт байсангүй.Одоо цаг төр сайхан болсон. Бүх зүйл бэлэн. Ингээд  хэт их бэлэнчлэх тусам хүн өөртөө найдах биш, техник хэрэгсэлд найдаад байх шиг. Тэр хэрээр хүний мөс чанар л ховордоод байгаа юм уу даа. Бидний үед багш нь хүртэл хичээлийн конспектээ гаргахын тулд улс орнуудын ном товхимолыг хайна, сонин сэтгүүл харна. Бүр олдохгүй бол яамдуудаар очиж мэргэжлийн хүмүүсээр заалгаж, яриулж бичиж тэмдэглэж авдаг байлаа. Саяхан гарчиглаж суулаа. “Гурван эзний нэг зарц” гэдэг нийтлэл. Одоо цагт ийм болсон гэдэг зүйрлэл юмуу даа. Харин бид бараг найм, есөн эзний зарц байсан. Тэглээ гээд гомдоллодоггүй байсан. Их сургуульд багшилж байхад Иргэний хамгаалалтын байгууллага, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, сургуулиас гээд сар бүр шалгалт ирнэ. Багш нарын хувьд таван жилд нэг удаа том  шалгалт авдаг байсан юм. Мэргэжил, боловсрол, гадаад хэлээр. Тэнцэхгүй багш нарыг нь шууд хасдаг. Тэгэхээр мэргэжилдээ эзэн байхын тулд их л уншиж судалдаг, явдаг цаг зав гаргадаг байлаа.

– Таны ярианаас ажаад байхад  амьдралд тань алдаанаас илүү амжилт ололт нь их байж ээ?

– Би чинь их азтай хүн. Иргэний хамгаалалтын байгууллагатайгаа чацуу хүн гэж өөрийгөө боддог юм. МУИС-ийн анхны химийн ангийн төгсөгч, Иргэний хамгаалалтын курсын анхны эмэгтэй, анхны захирал гээд олон сайхан зүйлийн анхдагч болсон. Тэгээд өөртөө их баярлаж явдаг.

Яагаад вэ гэхээр хөдөө аж ахуйн дээд сургуульд  багшлаад байсан бол тэндээ багш хэвээр л байх байсан. Тэр үед сонгон шалгаруулалт зарлаж би шалгалтанд орж тэнцээд тэгээд мөрдөс зүүсэн хүн дээ. Одоо би 85 нас хүрэх гэж байна. Өнөөдрийг хүртэл эрүүл саруул, өвчин хэлэхгүй байна гэдэг чинь дүрэмт хувцасны хүч, сайхан хамт олны минь хүч, тэгээд тэр их шавь нарын маань эрч хүч энергийг авч байсных юм шүү дээ. Залуу байхад хувцасныхаа, ажлынхаа сайхныг нээх анзаардаггүй, мэдэлгүй өнгөрнө. Нас ахих тусам туулсан амьдралаа тунгааж түүндээ талархаж, бахархаж амьдардаг юм байна.

– Тэр тийм шүү. Иргэдээс асуухаар яг албан нэршлээр нь мэдэхгүй ч ийм дадлага сургууль болдог, болно гэдгийг мэдсэн дуулсан байдаг. Гэхдээ  тэр мэдэж сонссоноо яг өөрөө хэрэгжүүлэхгүй байгаад л хамаг учир байна тиймүү?

– Энэ чинь үүрэг шүү дээ. Хүн чанар, хандах хандлагатай л холбоотой. Хэнэггүй. Ялангуяа залуу хүмүүс. Би хойч үеэ ингэж хэлж болохгүй байх л даа. Гэхдээ бидний үед ийм байгаагүй болохоор л тэр. Жишээлбэл манайх 1966 онд Сансарт байранд орж байлаа. 60 айлтай байранд нэг айлын хүүхэд ажилгүй байвал байраараа хуралдаад, авч хэлэлцээд ажилд оруулдаг. Тийм их нийтэч байлаа шүү дээ. Одоо бол хажуу хөршөө ч танихгүй, бие биенийхээрээ орж гардаггүй. Ямар ч мэдээлэлгүй. Тэгэхээр хүн чанар байхгүй, хөдөлмөрч биш, залхуу хойрго болсон юмуу даа л гэж хэлэх гээд байна. Би бүх насаараа эрчүүдтэй ажиллахад хамт архи ууж, тамхи татдаг болвол болно оо доо. Гэвч надад, бидэнд тийм ёс зүй байгаагүй. Нэгнээ хүндэтгэж хайрлана. Бод доо. Би бүгдийг нь санадаг ч нөхөдтэйгөө муудалцаж байсан нэг ч тохиолдол санаанд ордоггүй юм. Их дээд сургуулиудын Иргэний хамгаалалтын багш нар маань байна. Хэдийгээр тэд маань байхгүй ч  хийсэн бүтээсэн, үлдээсэн бүхэнд нь талархаж явдаг. Эзэн нь байхгүй ч эхлүүлсэн ч ажил үйл нь байгаа учраас гэр бүлд нь үр хүүхдэд нь баярлаж талархаж явдагаа уламжилъя. Нөхдөө би мартдаггүй юм шүү. Мартах ч учиргүй юм.

– Сайн багш, сайн эмч ер нь сайн мэргэжилтэн байж болно, эсрэгээрээ муу мэргэжилтэн ч байж болно. Харин хэзээд зөв хүн байх хэрэгтэй гэж багш маань захидаг байлаа. Та нарын үеийнхний баримталдаг гол зарчим байсан юм уу даа?

– Үнэн үнэн. Хойч үе маань хүн чанар, хүнлэг байх, бие биедээ туслах, юмыг хийвэл хийсэн шиг хийх л хэрэгтэй. Ямар ч ажил байж болно. Тэр мэргэжилдээ л эзэн байх хэрэгтэй. Мэргэжилдээ төдийгүй хариуцсан ажилдаа эзэн байх. Аливаад шантарч болохгүй. Үг даадаг бай. Энэ чинь том чанар шүү. Төгсгөлд нь ард иргэддээ хандаж хэлэхэд Онцгой байдлын байгууллагын ажлыг дэмжиж, хүндэлж, тэднээс суралцаад аваарай. Дуулгавартай, нэг санаатайгаар ажил үйлийг нь дэмждэг байгаасай. Иргэн бүрийн амь нас, аюулгүйн байдлын төлөө л Онцгой байдлынхан ажилладаг юм шүү. Онцгой байдлын байгууллага сүүлийн үед үнэхээр сайхан болсон.

Анхнаасаа ийм байгаагүй шүү дээ. 1960-1970-аад онд хурдацтай хөгжиж, 1990-ээд оноос жаахан уналтанд орсон. Одоо бол Онцгой байдал гэхэд мэдэхгүй хүн үгүй болж. Ганцхан жишээ дурдахад их сургуульд сурдаг зээ охин маань “Эмээ таны яриад байдаг газар хөдлөлтийн чичиргээг сургалтын танхимд орж бодитоор үзлээ” гэсэн юм. Энэ чинь хөгжил дэвшил шүү дээ. Нөгөөс талаар ард иргэд рүү чиглэсэн сургалтаа ойр давтамжтай явуулаасай гэж бодсон. Яагаад гэвэл, хүн өөрийн биеэр мэдрэхгүй л бол ойлголт, үлдэц муу байдаг. Тиймээс 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхитэй хамрагдаарай, хожим нь энэ сургуулиас олж авсан мэдлэг дадлага таны амийг аварч болох юм гэдгийг хэлэх байна даа. 

Танд маш их баярлалаа. Та бидний  энэ яриа уншигчдад маань хүний мөн чанар хийгээд албаны түүх хүртэл нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах боломж олгосон гэдэгт  итгэлтэй байна.

“Онцгой мэдээ” сонин

scroll to top