Жил бүрийн 05 дугаар сарын 08-нд “Хүмүүнлэгийн өдөр”ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” батлагдсантай холбогдуулан “Гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал” сэдвийн хүрээнд онол, практикийн бага хурлыг маргааш буюу энэ сарын 03-нд зохион байгуулах гэж байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилготой юм.
Хуралд ОБЕГ, МУЗН, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийн эрдэмтэн, судлаачид оролцоно.
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан онол, практикийн бага хурлаар орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, олон нийтийн бүлэгт хандаж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зөвлөмжийг гарган, ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.