Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал”сэдэвт онол, практикийн бага хурлыг төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулан зохион байгуулсан билээ.
Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, Гамшгаас хамгаалах улсын алба, МУЗН, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөөлөл, бусад төрийн бус байгууллага, Онцгой байдлын сургууль, гамшгаас хамгаалах чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон юм.
Оролцогчид хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, холбогдох талуудын харилцан ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг батлан гаргалаа. Үүнд:
Онцгой байдлын ерөнхий газарт:
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарсан Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмыг оролцогч талуудад таниулах, сурталчилах, бүх түвшинд хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах;
-Гамшгийн дараах хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг боловсруулж Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулан хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын үнэлгээ болон хойшлуулшгүй сэргээн босгох үеийн үнэлгээ хийх аргачлал, тайлангийн загварыг боловсруулж батлуулах;
Гамшгаас хамгаалах улсын албадад:
-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.2-д Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны алба хаагчтай байна гэж заасныг хэрэгжүүлж ажилтан томилгоожуулж, сургаж дадлагажуулах;
-Салбарын онцлогт нийцүүлэн гамшгийн дараах хохирол, хэрэгцээг тооцох нэгдсэн аргачлалыг шинээр болон шинэчлэн боловсруулж мөрдөх;
Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад:
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд шинэчлэгдэн гарсан дүрэм, журмыг судлах, бүх түвшинд үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх;
-Орон нутгийн хэмжээнд гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийхтэй холбоотой суурь мэдээллийн санг бүрдүүлэх;
Орон нутгийн онцгой байдлын байгууллагад:
-Орон нутагт тухайн жилд тохиолдсон томоохон 1-2 гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ, хохирлыг үнэлэх, хэрэгцээг тооцох үед тохиолдсон хүндрэл, даван туулсан арга замын талаар туршлага, сургамжаа хуваалцдаг байх;
Монголын улаан загалмай нийгэмлэгт:
– Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрхзүйн шинэчлэлийн хүрээнд батлагдан гарсан холбогдох эрхзүйн баримт бичиг болон гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам, аргачлалыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт, сурталчилгаа хийх;
Шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллага, судлаачдад:
– Монгол улсад тохиолдож болох гамшгийн төрөл тус бүрээр хохирол, хэрэгцээг тооцох шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт аргазүй, аргачлалыг бий болгоход хамтран ажиллах зэрэ зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.