Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь,  талын нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанДорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт барилга угсралтын компанийн ажилчдын гал тогооны чингэлэгт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 07:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 07:33 цагт очиж, 32 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, СУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны номын санд 2х3 метрийн хэмжээтэй хана шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 13:33 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 5х6 метрийн хэмжээтэй байшингийн шал шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км замыг туулан 13:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Өлөн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т/ тус сумын малчин Б-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 9 алба хаагч 2 автомашинтайгаар 28 км зам туулан 16:33 цагт очиж, 6 цаг 22 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд хашаанд өнжмөл өвс, хашаа, иргэн Б.Очирхуягийн амбаар, граш шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км зам туулан 16:13 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 18:42 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио багт 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км замыг туулан 19:00 цагт очиж, 30 минут ажиллаж  унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 19:58 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хойд талд автозамын зорчих хэсэгт иргэн У-гийн “Соната-7” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5.5 км зам туулан 21:01 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагд уулын бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 8 хүн, Мөнгөнморьт сумын ойн ангийн 6 хүн, орон нутгийн 16 иргэн, нийт 44 хүн, 6 автомашин, 2 морьтойгоор ажиллаж, 05.21-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт нийт 200 орчим га талбай шатсан/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялбаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:25 цагт гарсан.     

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн “Өргөстэй” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т, Ө-44001I 00//, У-94018I00/// 05.20-ны өдрийн 15:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.20-ны өдрийн 15:45 цагт ООГХ-ээс цахим хаяг болон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Д.Цэрэвсамбуугаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 800 м / тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ 04.02-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр явж байгаад живсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 04.02-ны өдрөөс 04.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 05.14-ний өдөр дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, нийт 14 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 05.20-ны өдрийн 08:30 цагаас “Нүхэн гүүр”-ээс 12-ын зөрлөг хүртэл усаар, Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 2 удаа 2-3 метр гүнд шумбалт хийж, голын арал дээрх модонд явганаар самналт хийж нийтдээ 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 05.21-ний өдрийн 08:30 цагаас дахин эхлүүлнэ.

Бусад: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Цагдаагийн хэсгийн хяналтын цэгт /сумын төвөөс баруун хойд зүгт 1 км-т/ үүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч угаартсан тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Угаартсан тус аймгийн Онцгой байдлын газрын аврагч, дэд ахлагч Э /21 настай, эрэгтэй/, сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г /26 настай, эрэгтэй/ нарыг Улаанбаатар хотод авчирч эмчлүүлэх зорилгоор ОБЕГ-ын 1, Цэргийн төв эмнэлгийн 4, нийт 5 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 05.20-ны өдрийн 06:05 цагт Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд нислэг үйлдэж 08:44 цагт буусан. 11:10 цагт Түмэнцогт сумаас Улаанбаатар хотын чиглэлд нисч 13:35 цагт бууж, Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top