Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи  баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна.  Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 24 дүгээр гудамжинд /Аймгийн төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 28 км замыг туулан 14:40 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, “Портер” загварын ачааны автомашин тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.     

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст хорооллын 30 дугаар  гудамжинд Иргэн М-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:13 цагт очиж, 2 метрийн урттай модон хашаа, 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн 1 дүгээр хэсгийн 10 дугаар гудамжинд Иргэн Б-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 21:40 цагт очиж, модон хашаа шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 00:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 00:50 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагд-Уулын бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашин, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 8 хүн, 1 автомашин, Мөнгөнморьт сумын ойн ангийн 6 хүн, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, 2 морь, нийт 44 хүн, 6 автомашин, 2 морьтойгоор ажиллаж, 05.21-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 200 орчим га талбай шатсан/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялбаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 05.21-ний өдрийн 21:02 цагт цурманд оруулж, 05.22-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч М.Ганбаярт хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Гацуур гол” гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км-т/ Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын 1 алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагчтай бүлэг ЗХ-ний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэргээр 05.23-ны өдөр түймрийн голомт руу нислэг үйлдэхээр шийдвэрлээд байна.      

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Чандагатай” гэдэг газар /Сумын төвөөс баруун урд зүгт 28 км-т/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 13 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 35 иргэн, 5 автомашин, 2 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж 05.23-ны өдрийн 05:30 цагт түймрийн хойд, зүүн, урд хэсгийг хяналтанд авч баруун хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар  80 орчим га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт баг, УБТЗ-ын “19 дүгээр зөрлөг” “Орхон” голд цогцос байна гэсэн мэдээллийг иргэн М 05.22-ны өдрийн 16:36 цагт Цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 5 алба хаагч, 1 автомашин, нийт 12 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км замыг туулан 16:45 цагт очиж, уг цогцсыг гаргаж үзлэг хийхэд тус сумын “Ширнэнгийн тохой” гэдэг газар “Орхон” голд 2019.04.02-ны өдөр осолдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн О /54 настай, эрэгтэй/-ийн цогцос болох нь тогтоогдож, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Баюуны тохой” гэдэг газар /Сумын төвөөс урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 49 км-т/ тус аймгийн Хүдэр сумын харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй/ 05.22-ны өдрийн 17:50 цагийн орчим “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:43 цагт иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас 3 метрт/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

               

scroll to top