Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын ихэнх нутгааар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр гоьвь болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 13:10 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт амбаар, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2.5 км зам туулан 14:08 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз, 2 ширхэг амбаар, 10 метр орчим хашаа,  иргэн Б-гийн амбаар тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 15:21 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрБулган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 4 автомашин, 10 мотоцикл, нийт 52 хүн, 5 автомашин, 10 мотоциклтой ажиллаж, 05.31-ны өдрийн 18:35 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  /Урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан./

4.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 66 ажилтан, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, нийт 118 хүн, 14 хүнд даацын техник, 20 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 06.01-ний өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 15 метрийн радиус /6-8 метрийн гүнд/-т нийт 12 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 400 м3 хүчин чадалтай насос 4, 150 м3 хүчин чадалтай насос 1, 75 м3 хүчин чадалтай насос 2, нийт 8 насосоор 24055 м3 /нийт 182.222 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 8,2 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 8.9 метрийн гүнтэй байна. 2060 м3 лаг шавар тээвэрлэж, бэлтгэсэн талбайд буулган, буусан лаг шаварт эрэлч нохой ашиглан эрэн хайх ажиллагааг хийсэн. 1000 м3 хайрга тээвэрлэн зам зассан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт ажиллагааг түр зогсоосон. Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай богино долгионы радио холбоог зохион байгуулж, мөн өдрийн 12:00, 14:00, 18:00, 20:00, 22:00 цагуудад богино долгионы радио холбоо болон утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл  солилцож, холбооны чанар байдал /хүлээн авалт 3-4, нэвтрүүлэг 5/-ыг үнэлж ажилласан. 06.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top