Өнөөдөр сонин
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад С.Галтзулаас ой, хээрийн түймрийн талаар тодрууллаа.
-ОХУ-аас Завхан аймгийн Баянтэс суманд орж ирсэн түймрийг энэ сарын 30- 31-нд шилжих шөнө унтраажээ. Он гарсаар хэчнээн түймэр хил давж орж ирсэн бэ?
-Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн орчим ОХУ-аас Завхан аймагт ойн түймэр орж ирсэн. Тус аймгийн Онцгой байддын газрын болон хилийн 0277 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 100 гаруй хүн 15 автомашинтайгаар өчигдөр шөнө ( 08.31) 01.10 цагт хил давж, түймрийг унтраагаад 02.00 цагт буцаж ирсэн. Түймрийг ой мод руу оруулахгүй, тал газар унтраах боломжтой байсан учраас ОХУ-ын талтай хэлэлцэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр 11 албан хаагч хил нэвтэрч, 63 м өргөнтэй түймрийг унтраасан. Он гарснаас хойш өдий хүртэл манай улсын хилийг давж ОХУ-аас 11, БНХАУ-аас хоёр удаа түймэр орж ирсэн бол манай улсаас зургаан түймэр хоёр хөршийн хил нэвтэрсэн.
-Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд хичнээн ой, хээрийн түймэр гараад байна?
-16 аймгийн 108 суманд 288 удаа ой, хээрийн түймэр гарсан. Эдгээрийн 181 нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатарт гарчээ. Үүнийг унтраахад 2000 орчим техник хэрэгсэл ашиглан 18 мянга гаруй хүн ажилласан. Түймрийн улмаас нийт 5.8 сая га талбай шатаж, есөн хүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 хашаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс шатаж, байгаль экологид 20.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг түймэртэй байгаа. Түймрийг унтраахаар 40 гаруй хүн ажиллаж буй ч хөвч тайга бүхий газар учраас амаргүй байна.
-Ихэнх нутгаар хуурайшилтгай байгаа. Ой, хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх вэ?
-Монгол орны нийт нутгийн 30 гаруй хувь хуурайшилтын гуравдугаар зэрэгт байгаа. Ихэнх нутгаар эргээд гандаж эхэлсэн. Есдүгээр сард хур бороо нэлээд багасдаг учраас энэ намар ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байна. Тиймээс оюутан залуус амралт, аялал зугаалганд явахдаа ойд гал түлэхгүй, үнс нурмаа сайтар унтраах хэрэгтэй.