Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг дамжуулах, дэвшилтэт олон үйлдэлтэй нийт 162 сая төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж юм.
Уг өндөр чадалтай төхөөрөмжийг аймагтаа суурилуулж, болзошгүй гамшиг ослын үед ард иргэддээ богино хугацаанд мэдээллэх, сэрэмжлүүлэх, аврах, хамгаалах ажилд аймгийн удирдлага болон Онцгой байдлын ерөнхий газар, Холбоо, зарлан мэдээллийн хэлтэс, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон байна.
БНСУ-ын Эй Энд Ди компаний мэргэжилтнүүд Булган аймагт хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газарт гардуулан газар дээр нь суурилуулахад туслан, гардуулан өгсөн байна. Тус төхөөрөмж нь мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд хангалттай бөгөөд үлдсэн 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтойг албаны хүн онцолж байсан юм. Ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж одоогоор тус аймгаас өөр аймагт суурилуулагдаагүй аж.