1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 19, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 18 дугаар байрны дээврийн хөндийн тулгуур мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 04:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 04:23 цагт 50 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баян-Шанд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,6 км зам туулан, 13:43 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.
3.Цацраг, химийн бодисын осол:
Химийн бодис алдагдсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд “Төгс ялгуун” эмнэлгийн байранд химийн бодис алдагдсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын 7, НОБГ-ын 2, нийт 9 алба хаагч, 1 автомашинтайгаар 13 км зам туулан 12:40 цагт очиход тус эмнэлгийн 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд 2,5 литр формалин асгарсан байсныг саармагжуулсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрээс 15 хүн, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.17-ны өдрийн байдлаар “Хасбаатар”-ын хөшөөнөөс “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 25 км-т завиар 2 удаа урсаж, 5 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 06.18-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багт “Эко Баянгол” гэдэг амралтын газар амарч байсан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Х /43 настай, эрэгтэй/ 06.16-ны өдрийн 01:10 цагт сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 4 алба хаагч, ар гэрийн 14 иргэн, орон нутгийн 3 иргэн, нийт 21 хүн, 4 автомашин, 1 мотоцикль, 2 морьтойгоор 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн “Хараа” голын эрэг дагуу 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад мөн өдрийн 12:17 цагт иргэн Х нь эхнэр Г-тэй холбоонд орж Батсүмбэр сумын төвд ирлээ гэсэн мэдээллийг хүлээн авч ажиллагааг зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Модон бирваз” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 29 км-т/ “Орхон” голын усанд 2 иргэн осолдсон тухай дуудлагыг 06.17-ны 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 29 км зам туулан 11:05 цагт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг иргэд гаргасан байсан, мөн сумын харъяат иргэн Г /21 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 700 м-ийн зайнаас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Гүн нуур”-ын усанд Дорноговь аймгийн харъяат иргэн Г /36 настай, эрэгтэй/ 06.17-ны өдрийн 20:50 цагт осолдсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:45 цагт очиж, Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр 4 метрийн гүнд 1 удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Лүн сум, Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн улсын чанартай А0301 замын 110-113 дахь км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ 06.15-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас хатуу хучилттай автозамын 2 хэсэгт, нийт 2 км орчим зам сэтэрч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан. “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн 25 ажилтан, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.17-ны өдрийн 18:30 цагт шинээр туслах зам гаргаж автотээврийн хөдөлгөөнийг нээсэн. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 13 иргэн, 3 автомашин, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.16-ны өдрийн 22:30 цагийн байдлаар шаварт суусан 10 автомашин, 42 зорчигчийг татан гаргаж, 4 айл, 11 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багт /аймгийн төвөөс хойд зүгт 226 км-т/ 10х15 хэмжээтэй байшингийн хана шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 02:25 цагт хүлээн авч орон нутгийн 16 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр 30 минут ажиллаж, бүрэн унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР