Гал, усны гашуун зовлон бүрт авран хамгаалах ажлаа өдөр, шөнөгүй, өвөл, зуныг үл ялган гүйцэтгэж явдаг Онцгойгийнхны ойн баяр өнөөдөр тохиож байна.Онцгойгийнхон бол үнэхээр онцгой албатай хүмүүс. Хаа нэг газар гал гарлаа, хэн нэгэн усанд живлээ, зуданд малтайгаа уруудлаа, ойд төөрлөө, дээвэр дээрээс үсэрч, амиа хорлох гэж байна гэх мэт түм буман таагүй явдлыг гарз, хохирол багатай даван туулахаар Онцгой байдлынхан өөрийн амь, биеийг үл хайхран зүтгэдэг. 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэн Онцгой байдлын албыг байгуулснаас хойш тэд 15 жилд 17 012 эрдэнэт хүний амь насыг аварч, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
Онцгойгийнхон бол үнэхээр онцгой албатай хүмүүс. Ийм онцгой үүрэг гүйцэтгэдэг хүмүүсээ төр, засаг харамгүй шагнаж урамшуулж баймаар санагдана.
Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагаас хоёр генерал цолтон, 5 үйлчилгээний гавьяат ажилтан, нэг “Ардын багш” төрөн гарсан бөгөөд Төрийн дээд одон медаль болоод Онцгой байдлын байгууллагын шагналаар нийт 2300 алба хаагч шагнагдсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, эрэлхэг зоригт баатарлаг аврагчдад Монгол улсын төр, засгаас үзүүлж буй үнэлгээ, хүндэтгэл ажээ. Гэхдээ төр төмрөөр хийсэн одон медалиа өгөхийн зэрэгцээ ар, гэрээ мартан мартан зүтгэдэг тэдэнд амьдралд нь нэмэр болохуйц мөнгөн шагналыг сайтар өгч баймаар. “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүд батлагдан хэрэгжиж байгаа гэнэ. Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдаж, онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид тус бүр 16 сая төгрөг олгосон гэх мэт сайхан мэдээнүүд байна.
Онцгой байдлынхан үнэхээр онцгой үүрэгтэй алба хаагчид учраас төмрөн гэхээсээ илүү мөнгөн шагналыг ахиу өгөх хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллагын 28 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ. Тэдний гэгээн дурсгалыг мэхийн хүндэтгэе. Тэд ч гэсэн хүн учраас Онцгойгийнхноо хайрлая.
Онцгойгийнхон бол үнэхээр онцгой үүрэгтэй хүмүүс. Хэн нэгний алтан амийг хамгаалах, аврах, байгаль эх дэлхийгээ гамшигт өртүүлэхгүй байх, бусдын эд хөрөнгийг хамгаална гэдэг буянтай сайхан ажил. Онцгой байдлын нийт алба хаагчдадаа ойн баярын мэнд хүргэе.
Эх сурвалж: gereg.mn