Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгийн нутгаар бороо орсон.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал:  28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд  нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд 12х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:43 цагт очиж, 20 минут ажиллаж  унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, сумын ЗДТГ-ын 5 ажилтан, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж, 06.26-ны өдрийн 19:30 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 20 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Сэлэнгэ сумын төвөөс  зүүн зүгт 70 км-т, Хялганат тосгоноос зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр 06.23-ны өдрийн 16:12 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 60 хүн, 14 техник хэрэгсэлтэй ажиллаж, 06.24-ний өдрийн 07:50 цагт түймрийг цурманд оруулсан. 06.26-ны өдрийн 14:45 цагт түймрийг бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэж өгсөн. Түймэрт 30 га талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Анжаалын даваа” гэдэг газар /сумын төвөөсөө баруун зүгт 90 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хушаат сумын 12 иргэн, Баруунбүрэн сумын 10 иргэн, нийт 35 хүн, 4 автомашин, 2 морьтой түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 06.25-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд бага зэргийн бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 40 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд сувиллын газраас Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 иргэн, сувиллын газрын 25 ажилтан, нийт 45 хүн, 1 нохой, 7 техник хэрэгсэлтэй ажиллаж, сувиллаас Загас үржүүлгийн цөөрөм хүртэл 5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус иргэний малгайг “Сонгино”-ын модон гүүрээс баруун зүгт 300 метрт “Туул” голын эргээс олсон боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт зогсоосон. 06.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн “Товуу-Хан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ “Орхон” голд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн А /30 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн 5 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Товуу-Хан” гэдэг газраас хойд зүгт 6 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, “Орхон” голын эрэг, тохой дагуу 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:26 цагт зогсоосон. 06.27-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушийн гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ 06.25-ны өдрийн 23:00 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Д /31 настай, эрэгтэй/ “Орхон” голоос загас барихаар яваад усанд осолдсон тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, эмнэлгийн байгууллагын 3 эмч, нийт 9 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй 90 км замыг туулан 06.26-ны өдрийн 02:30 цагт очиход иргэн Д-гийн цогцсыг иргэд “Орхон” голоос гаргасан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top